УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсрол, шинжлэх ухааны сайдад ЭЕШ өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүлсэн байна.
Тэрбээр шаардлагадаа ” Дэлхий нийтийг хамарсан ковид-19 халдварт цар тахал Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд халдварын тохиолдол нэмэгдэхийн зэрэгцээ хүүхдүүдийн дунд халдвар ихээр гарч байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна. Гэтэл БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдаас ЭЕШ авахгүй, нэг жилийн дараа өгөх боломжтой гэсэн мэдээллийг хүргэж байна.
Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн хүнлэг иргэний ардчилсан нийгэмтэй билээ. Цар тахлын улмаас улс орон хэцүү байдалд байгаа хэдий ч хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Хүүхдийн эрхийг хамгаалж, боловсролын тэгш хүртээмжтэй олгох нь төрийн үүрэг юм.
Иймд Эрүүл Мэндийн Яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, УОК болон холбогдох газрууд энэ асуудлыг нэн яаралтай анхааралдаа авч ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна” гэжээ.
Н.Батаа