УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, иргэд төрөөс эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүй байдалд орж байгаа учраас энэ чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Өнөөдөр маш олон иргэн коронавирусийн халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119 руу, эмнэлэг рүү, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно оо гээд таг алга болсон гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Бид энэн дээр онцгой анхаарч ажилламаар байна. Төр иргэн хоёрын холбоо тасраад эхэллээ. Нөхцөл байдал хэцүү байгаа, ойлгож байна. Өнгөрсөн жил Италид “Бид чадахгүй нь ээ, өөрсдөө учраа олоорой” гээд эмнэлгийнхэн нь уйлаад, залууг нь аврах уу, хөгшнийг нь аврах уу гэдэг сонголт хийж байсан үе тохиолдсон.
Өнөөдөр Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утастахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Одоо бол иргэд яаж витамин, эм олж авах уу л гэж бодож байна.
Өнөөдөр витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол өнөөдөр 30000 гарчихлаа. Энэ асуудалд, өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар яагаад ЭМ-ийн сайд ярихгүй байна вэ. Эмнэлгийн ачаалал таазандаа тулчихлаа, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Цаашдаа эмнэлгийн орны зохион байгуулалтаа хэрхэн хийж, шинээр хэдэн мянгөн ор дэлгэх үү зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх хэрэгтэй. Энэ бол иргэн бүхийн эрхтэй холбоотой асуудал. Өнөөдрийн мөчид энэ хамгийн чухал. Эм тариа, витамин дээр даатгал чинь үйлчлэхгүй юм уу, хариулт өгмөөр байна. Одоо найр наадам яах вэ. Болгоё гэвэл болгож болно. Долдугаар сарын эхээр халдварын тархалт буурна гэж судлаачид таамаглалаа өөрчилсөн байна. Тэгвэл энэ хүртэл чинь 14 хоногийн хугацаанд хэчнээн мянган хүн өвдөх вэ. Өнөөдөр 2000 гараад явж байгаа цаашдаа 3000 руу орвол яах вэ. Хэрвээ 3000 руу орвол ирэх хоёр долоо хоногт халдварын тоо 50-60 мянгаар нэмэгдэх нь байна шүү дээ” гэлээ.