Сонгуулийн ерөнхий хорооноос 11 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаарх мэдээллийг олон нийтэд хүргээд байна. Энэ үеэрээ сонгуулийн санал хураалтын явцад саналын хуудасны зургийг олон нийтэд мэдээллэсэн зөрчил гарч байгааг талаар мэдэгдлээ.
СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн эсвэл дэмжээгүй гэдгээ илэрхийлэн саналын хуудсан дээрх зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Тиймээс иргэд үүнд анхааралтай хандах ёстой. Санал өгсөн саналын хуудасны зургийг авч олон нийтэд мэдээлэх нь хуулиар хориглосон үйлдэл” гэв.
Иргэд ийнхүү саналын хуудасны зургийг авч, олон нийтэд мэдээлснээр Зөрчлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар 10 сая төгрөгийн торгуультай юм байна.
Зөрчлийн тухай хуулийн 17.1.30-д:
30.Сонгогч нь:
30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Хэнийг сонгох нь иргэн таны сонголт. Харин саналын хуудсаа нийтэд түгээх нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд 10 сая төгрөгийн торгуультай байдаг гэдгийг дахин сануулъя.
Тиймээс иргэд та бүхэн хуулиа дээдэлж, зөрчил гаргахаас сэргийлж, сонгуулийн санал хураалтад оролцохдоо зураг авч, олон нийтэд түгээж болохгүй. Иргэдэд сануулахад итгэл үнэмшлээрээ хэнийг ч дэмжиж болно. Хамгийн гол нь итгэл үнэмшлээ хэтрүүлж, торгуулах хэмжээний зөрчил бүү гарга. Таны торгуулийг та л төлнө. Өөр хэн ч төлөхгүй.
Б.Ирээдүй