PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike, Global Offensive цахим тоглоомууд руу Монгол улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг ЦЕГ, СЭМҮТ-өөс Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан байна.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан “Цагдаагийн ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Цахим тоглоомонд донтсон үед үзүүлсэн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгаа”-нд үндэслэн гаргасан дүгнэлтээр “цахим тоглоомд донтсон хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх нь хожим насанд хүрсэн хойноо ч нийгэм-сэтгэл зүйн олон асуудалд өртөж, сэтгэцийн, биеийн, нийгэмд учрах хор хөнөөл, эмгэгтэй болж, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдэлтэй тул хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG/mobile legend, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн” хэмээн GoGo.mn сайтад өгсөн ярилцлагандаа дурьджээ.
Тиймээс Цагдаагийн байгууллага Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Харилцаа, холбооны зохицуулах газарт дээрх тоглоомуудыг хаах хүсэлтийг гаргаад байгаа юм байна. Харин хаах, эсэх шийдвэр нь Харилцаа, холбоо зохицуулах хорооноос гарах юм байна.
Б.Ирээдүй