Хятадын Ухань хотод COVID-19 өвчин анх илэрсэн цагаас хойш жил хагасын хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч вирусийн гарал үүслийн асуудал одоо ч тодорхой бус хэвээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд цар тахал Хятадын лабораториос гарсан байж болзошгүй гэсэн онол дахин хүчээ авч эхэлжээ. Энэ асуудлыг Америк, Британийн тагнуулын байгууллагууд судалж байна. Вирусийн жинхэнэ эх үүсвэрийн олж тогтооно гэдэг нь цар тахал давтагдахаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Хоёр онол
COVID-19-ийн үүсвэрийг олохдоо вирус лабораторид бүтээгдсэн үү, эсвэл байгалийн замаар бий болсон уу гэдгийг тогтоох шаардлагатай. Эхний онолыг дэмжигчид ковид анх илэрсэн Ухань хотод биологийн судалгааны томоохон төв байдгийг онцолдог.
Уханийн вирус судлалын хүрээлэн (WIV) сарьсан багваахайд байдаг коронавирусуудыг 10 гаруй жилийн турш судалж байна. Энэ лабораторид халдварын эхний кластер үүссэн Хуанань захаас хэдхэн километрийн зайд байрладаг. Тиймээс вирусийг зориудаар уу, санамсаргүйгээр үү, лабораториос алдсан, эндээс захад хүрч, дэлхий даяар тархсан гэж эхний онолыг дэмжигчид мэдэгддэг.
Маргаантай энэ таамаг цар тахал эхлэх үед л гарч, АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Доналд Трамп идэвхтэй “сэвж” эхэлсэн юм. Энэ онол цааш улам дэвэрч, зарим нь коронавирусийг биологийн зэвсгийн нэг хэлбэр гэж байлаа. Гэсэн ч олонх хэвлэл, улстөрчид, эрдэмтэд энэ таамаглалыг хуйвалдааны онолын нэг хэсэг гэж мэдэгдсэн аж.
Хоёр дахь онол нь вирус байгалийн гаралтай гэж үздэг. Саяхныг хүртэл олон хүн онгон байгалиас вирус гарч, амьтнаас ямар нэгэн лабораторийн оролцоогүйгээр байгалийн замаар тархсан гэдэг.
Байгалийн гаралтай гэсэн таамаглалыг дэмжигчид COVID-19-ийг сарьсан багваахайнаас үүсэж, дараа нь өөр амьтдаар дамжин хүнд халдсан гэдэг байна. Энэ санааг ДЭМБ-ын тайлан ч дэмжиж, ковид сарьсан багваахайнаас завсрын тээгчээр дамжин хүнд хүрсэн байх магадлал өндөр гэж ярьж байгаа аж.
Гэхдээ эрдэмтэд одоо болтол COVID-19-ийн генетикийн бүрэлдэхүүнд нийцэх вирусийг сарьсан багваахайнаас ч, өөр амьтдаас ч олоогүй юм.
Энэ хэргийг тагнуулынхан мөрдөж байна
Саяхан Америкийн тагнуулын нэгэн нууц тайланд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарснаас хойш вирусийн лабораторийн гарал үүслийн талаарх онолд олон нийт анхаарлаа хандуулж эхэлжээ.
Би-би-си-д мэдээлснээр, Уханийн лабораторийн гурван судлаач 2019 оны арваннэгдүгээр сард буюу хотод хүмүүст вирусийн халдвар тархаж эхлэхээс ч өмнө эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Уг мэдээлэл гарсан даруйд зарим эрдэмтэд санаагаа өөрчилж эхэлжээ. Харин Байдены засаг захиргаа энэ онолтой холбоотой мөрдлөг шалгалтаа хаагаад байсан бол дахин тагнуулын ажиллагаа явуулах шинэ зааварчилгаа өгч эхэлжээ. Америкийн төрийн тэргүүн СОVID-19-ийн гарал үүслийн тухай мэдээллийг цуглуулахаа эрчимжүүлэхийг зарлигдсан байна. Тагнуулын байгууллагын үр дүнг 90 хоногийн дотор танилцуулах юм байна.
Британийн тагнуулын байгууллага ч бас вирусийг лабораториос алдагдсан гэх хувилбарыг дахин судалж эхэлжээ.
Эрдэмтдийн санал бодол
ДЭМБ-ын судалгаа бүх зүйлийг цэгцэлнэ гэж бодож байлаа. Гэвч тэрхүү судалгааны дараа хариултаас илүү олон асуулт урган гарч ирсэн юм.
2021 оны эхээр хэсэг бүлэг эрдэмтэд цар тахлын эх үүсвэрийг судлахаар Ухань хотыг зорьсон билээ. Судлаачид тэнд 12 хоногийг өнгөрөөж, лабораторид очиж үзээд, вирус алдагдсан гэх онол “магадлал тун бага” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Гэхдээ эрдэмтдийн зарим хэсэг нь тэдний дүгнэлтэд эргэлзсэн хэвээр үлдсэн юм. Хэд хэдэн томоохон эрдэмтэн ДЭМБ-ын эрдэмтдийн тайланг шүүмжилснийг Би-би-си дамжуулжээ. Тэдний үзэсэнээр ДЭМБ лабораториос алдагдсан гэх онолд хангалттай анхаарал хандуулаагүй гэжээ. Science Magazine сэтгүүлд эрдэмтэд вирусийг байгалиас гаралтай, хиймлээр грагаж авсан гэсэн таамаглалуудад аль алинд нь анхааралтай хандахыг уриалжээ. Тэр ч байтугай ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус ч бүх таамаглал нээлттэй хэвээр үлдсэн, цаашид ч судлах хэрэгтэй гэж мэдэгджээ.
Оросын ШУА-ийн академич Виталий Зверев “360”-д өгсөн яриандаа вируст сарьсан багваахайд байдаг вирустэй гомологийн хангалттай өндөр хувь байгаа нь байгалийн гаралтай гэдгийг харуулж байна гэжээ. Ийм түүх нэг бус удаа болж байсан юм. Тухайлбал, хендрийн вирусийг санахад л түүний байгалийн тээгч нь жимсээр хооллодог сарьсан багваахай байсан. Тэднээс вирус адуунд дамжиж, адуу завсрын дамжуулагч болсон. Дараа нь хүнд дамжиж, үхлийн аюултай болсон гэжээ.
“Одоогоор энэ бол зохиомлоор бий болсон вирус гэж таамаглах зүйл алга байна” хэмээн академич онцолжээ.
Яагаад мэдэх хэрэгтэй вэ?
Вирус гарал үүслийг олж мэдэх нь ийм зүйл дахин давтагдахаас сэргийлэх ач холбогдолтой. Хэрэв вирус амьтдаас бидэнд дамжсан бол энэ нь хөдөө аж ахуй, онгон байгаль ашиглалтад нөлөөлнө. Үүний тод жишээ нь Дани. Энд вирус булгаар дамжих вий гэсэн болгоомжлолын үүднээс хэдэн сая булгыг устгалд оруулсан юм.
Хэрэв вирус үнэхээр лабораториос алдагдсан, эсвэл хөлдөөсөн бүтээгдэхүүний сүлжээгээр дамжсан бол энэ нь олон улсын худалдаанд нөлөөлнө гэсэн үг. Өдгөө бид вирусийн бүтэц, механизмыг мэддэг болсон. Үүний үүсэл гарал шинжлэх ухааны үүднээс сонирхол татах хэдий ч чухал үүрэг төдийлөн гүйцэтгэхгүй. Харин коронавирус байж болох оготно зэрэг өөр амьтдын популяцийг судалбал цаашид шинэ өвчлөл бий болгохгүй байх давуу талтай юм.
Хятадын хариу үйлдэл
Хэрэв зээ вирус үнэхээр лабораториос гарсан бол энэ нь дэлхий нийтийн Хятадад хандах хандлагад нөлөөлж, АНУ-тай харилцаа нь улам муудна гэсэн үг. Одоохондоо Хятадын төрөөс ийм онолыг худал гээд, өөрсдийн гэсэн таамаглалыг дэвшүүлж буй юм. Жишээ нь коронавирус өөр улсын хүнсний бүтээгдэхүүнээр дамжин нэвтэрсэн байж болзошгүй, вирус Хятадаас юм уу Зүүн Өмнөд Азиас ирсэн хөлдөөсөн махнаас Уханьд дамжсан байж мэднэ гэж байгаа. Москвагийн олон улсын харилцааны улсын дээд сургуулийн профессор, улстөр судлаач Елена Пономарева Хятад улсыг ковид бүтээсэн гэж буруутгах магадлал маш өндөр гэжээ. АНУ өдгөө тус улсад хүчтэй дарамт шахалт үзүүлж, бүхий л аргаар нухчин дарахыг оролдож байгаа. Энэ бол олон улсын тавцанд Хятадын байр суурийг сулруулах сайхан боломж, үүнийг АНУ ашиглаж байгаа хэмээжээ.
Эх сурвалж: 360tv.ru
Орчуулсан: Э.Март