Монголын кино урлагт “Говийн домог”, “Содура” зэрэг олон түүхэн болон баримтат уран сайхны киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “UB пикчерс” кино компанийн уран бүтээлчид “Мөнх хаан” кино төсөл хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарлалаа.

Монголын эзэнт гүрний түүхэн их хаан Мөнхийн амьдрал, замналын тухай өгүүлэх энэхүү киноны зохиол нь бэлэн болсон бөгөөд найруулагчид зохиол дээрээ ажиллаад эхэлжээ. Мөнх хааны үйл хэрэг бол Монголын эзэнт гүрний хамгийн ихээр мандан бадарсан яруу өргөн түүхийг хамарна. Энэ агуулгаараа киноны зураг авалт үлэмж цар хүрээтэй хийгдэх бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид бүх талаар судалгаагаа нарийвчлан хийж байгаа ажээ.

Түүхэн туульсын, уран сайхны бүрэн хэмжээний энэхүү бүтээлийг гадаад дотоодын олон үзэгчдэд зориулан бүтээх бөгөөд кино найруулагч, продюсер, кино жүжигчид өргөн далайцтай ажиллах онцгой томоохон төсөл юм.

Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Энэ түүхийн үнэнийг зарим талаар гуйвуулах, өөрчлөх, бусад олон хэлбэрээр үнэнээс ангид харуулах явдал багагүй болсон энэ цагт монгол уран бүтээлчид, тэр тусмаа UBS телевизийн ерөнхий захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжаваар тэргүүлсэн багийнхан үнэнд хамгийн ойр дөхүүлсэн уран бүтээл хийнэ гэдгээ илэрхийллээ.

“Мөнх хаан” кино зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ү.Хүрэлбаатар, н.Батсүх, Соёлын гавьяат зүтгэлтэн, жүжгийн зохиолч Ш.Гүрбазар, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр нар хамтран туурвижээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн