Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 74 дүгээр чуулган 5 дугаар сарын 24-ний өдөр Швейцарийн Холбооны Улсын Женев хотод эхэллээ. Энэ удаагийн болон өнгөрсөн жилийн ассемблей дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас виртуал хэлбэрээр хуралдаж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний механизм бөгөөд ДЭМБ-ын гишүүн 194 улсын төлөөлөгч нар оролцдог.
Энэ удаагийн чуулганд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд сайд С.Энхболд Номхон далайн баруун бүсийг төлөөлж Ассамблейн Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Чуулган 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, дархлаажуулалт, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн эрсдлээс хүн амыг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явцын тайлан зэргийг хэлэлцэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Адханом Гебрейесус чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ цар тахал эхэлснээс хойш хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө тасралтгүй ажиллаж байгаа улс орон бүрийн эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Цэргийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Пүрэвийн Ганцэнгэлийн бодит түүхээс жишээ болгон дурьдлаа.