Дэлхий дахинаа нэр хүндтэй “BNP Paribas” банкийг 1994 онд Руандад болсон геноцидод хамааралтай гэж буруутгажээ. Энэ асуудлаар “Sherpa”, “Collectif des parties civiles pour le Rwanda”, “Ibuka France” зэрэг хүний эрхийг хамгаалах гурван байгууллага давж заалдсан байна. Тэд тус банкийг “геноцидод хамтран оролцсон, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, цэргийн гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгасан байна.
Тухайлбал, тус банк 1994 оны зургаадугаар сард Руандад зэвсэг худалдан авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэнэ. НҮБ тус улсад зэвсэг нийлүүлэх хориг тавьснаас хойш нэг сарын дараа тус улс 80 тонн зэвсэг хүлээн авсан юм.
Автомат буу, пулемет, миномет, гранат зэргийг тухайн үед Францын дайчдын хяналтад байсан Гома хотын нисэх онгоцны буудалд авч иржээ. Эндээс Засгийн газрын дайчид зэвсгээ хүлээн авч, тутси омгийн төлөөлөгчдийг хоморголон устгах ажиллагаагаа гүйцэтгэсэн байна.
ӨАБНУ-ын Ерөнхий сайд Питер Ботагийн туслах асан, ӨАБНУ-ын иргэн Петрус Уильям Элерс зуучлагчаар нь ажилладаг байв. “BNP Paribas” банк Элерст 1.3 тэрбум ам.доллар шилжүүлжээ. Гэхдээ Францын банк энэхүү мөнгийг геноцид үйлдэхэд зориулах гэж байгааг мэдэхгүй байх учиргүй гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. Учир нь энэхүү гэрээг барууны хэд хэдэн банк санхүүжүүлэхээс татгалзсан юм.
“BNP Paribas” нь “Standard & Poor’s” агентлагийн тооцоолсноор дэлхийн хүчирхэг зургаан банкны нэгд тооцогддог. Мөн Францын хамгийн шилдэг гурван банкны нэг билээ. Руанда улсад тутси омгийнхны эсрэг геноцид хуту, тутси омгийнхны дунд болсон дайны үеэр буюу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлсэн юм. Үй олноор нь хоморголон устгах энэ ажиллагаанд сая орчим хүн амиа алдсан байна. Тэдний 70 хувь нь тутси омгийнхон байжээ.