Вашингтонд эргэлзэх юмгүй уур амьсгал ширүүхэн байгаа бололтой. Тийм ч учраас Ерөнхийлөгч Дональд Трампын багийнхан дотроо хамгийн тайван гэгддэг хүн ч уур цухлаа барьж дийлэхгүй байна. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Цагаан ордонд хэрүүл шуугиан тарьсан сурагтай. Уг нь тэр Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгсэд дотроо хамгийн тайван хүн гэдгээрээ алдартай билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп засгийн эрхэнд гараад хагас жил шахам боллоо. Гэтэл тэрбээр ханцуйгаа шамлаад дотоод улс төр, Америкийн эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх гэтэл байнгын дуулиан шуугиан, мөрдлөг, цуу яриа, боловсон хүчний асуудал саад болсоор байна.
Трампын багийнхан одоо ч сайн бүрдэж, ажилдаа орж чадаагүй билээ. ОХУ-ын ГХЯ л гэхэд Америкийн засаг захиргааны төлөөлөгчидтэй чухал хэлэлцээр хийе гэхэд хэнтэй нь харилцахаа мэдэхгүй байгаа тухай нэг бус удаа мэдээлж байсан юм.
Боловсон хүчний хомсдол мэдээж Тиллерсоны ч уурыг барж орхижээ. Цагаан ордны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Politico” сонинд мэдээлснээр Тиллерсон өнгөрсөн баасан гарагт Цагаан ордны хүний нөөцийн газрын тэргүүн Жонни ле Стефано руу өөрийг нь орлох хүмүүсийн нэрийн санал болгосонгүй гэж хашхичжээ.
Үүнээс гадна Тиллерсон Цагаан ордны ажилтнуудыг түүний нэр хүндийг гутаасан хэмээн буруутгаж, Стефанотой хүний нөөцийг батлах асуудлаар харилцахыг хүсэхгүй байна гэсэн аж. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орлогчдыг томилох асуудлыг дураараа сонгож болно гэж түүнд зөвшөөрсөн гэжээ.
Э.ЗАЯА