Өнөөдрийн /2021.05.19/ байдлаар манай улсад I тунг 1.802.270 иргэн, II тунг 666.287 иргэн вакцинд хамрагдсан байна.
Вакцины бүрэн тунд хийлгэсэн иргэдэд 14-21 хоногт дархлаа тогтоно хэмээн мэргэжлийн хүмүүс мэдээлж байгаа. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэсэн 2160 иргэн коронавирусийн халдвар авчээ.
Халдвар авсан хүмүүсийг судлаад үзэхэд:
- 92 хувь нь хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоног дотор
- 8 хувь нь 14-21 хоног дотор халдвар авчээ.
Вакцин хийлгэснээс хойш 21-ээс дээш хоносон иргэнээс халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн ч 21 хоногоос дээш хугацаанд дархлаа тогтоно. Иймд амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон нийтийн газраар аль болох явахгүй байх, хүн хоорондын зай барих зэрэг халдвар хамгааллын уламжлалт дэглэмийг үргэлжлүүлэн сахихыг эмч, мэргэжилтнүүд анхааруулсаар байна.
Л.Баяр