Засгийн газрын ээлжит хуралдаан үеэр хотын дөрвөн хэсэгт төмөр болон автозам нэг түвшинд огтлолцож байгаа нь түгжрэл үүсэхэд нөлөөлж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Тухайлбал:
– Таван шарын уулзвараар хоногт 57 галт тэрэг өнгөрөхөд нийт 171 минут
– Энхтайвны гүүрний зүүн талын түр гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут
– Дүнжингарав худалдааны төв орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут
– Амгалан орчмын гармаар хоногт 45 галт тэрэг өнгөрөхөд нийт 135 минут автомашины хөдөлгөөнийг хааж байна.
Улаанбаатар хот болон бусад төвийн хоорондох зорчигчийн, дулааны цахилгаан станцуудад нүүрс хүргэдэг галт тэргээс бусад ачааны галт тэргийг “Богдхан төмөр зам”-аар явуулах боломжтой. Ингэснээр автомашины хөдөлгөөн хааж байгаа хугацааг дунджаар 62 минут болгож бууруулах судалгаа гарчээ. Мөн дээрх гармуудад гүүр, нүхэн гарц хийвэл хөдөлгөөн хаах шаардлагагүй болох хувилбар ч байна
Мөн хот дотор байгаа нефть бааз, худалдааны томоохон зах, тээвэр логистикийн төв зэргийг “Богдхан төмөр зам”-ын трассын дагуу Хөшигийн хөндийн логистикийн төвийг түшиглэн үе шаттай шилжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр хот руу чиглэх галт тэрэгний хөдөлгөөн 15-20 хувь буурах юм гэв.