2011 оноос үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд эхэлсэн хэдий ч тодорхойгүй шалтгаанаар удааширч байгаа юм. Тиймээс Соёлын сайд Ч.Номин, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар барилгын ажил нь удаашралтай байгаа 5 барилгын хөрөнгө оруулалтын явц, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэхэд мэргэжлийн санал, дүгнэлт боловсруулан танилцуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Соёлын дэд сайд М.Батбаяр, дэд хэсгийн ахлагчаар Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нарыг томилсон.
Ажлын хэсгийн хуралдаанаар Үндэсний номын сангийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Төв халх” дуулалт жүжгийн театр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Ханхэнтий чуулгын барилга, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хөгжимт драмын театрын барилга, Завхан аймгийн Улиастай сумын Хөгжимт жүжгийн театрын барилгыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Ажлын хэсэг ирэх долоо хоногт “Төв халх”-ын дуулалт жүжгийн театрын барилга угсралтын ажилтай орон нутагт ажиллаж орон нутгийн удирдлагуудтай хөрөнгө оруулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэж санал, дүгнэлт гаргахаар боллоо.
Мөн Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас барилга угсралтын ажлын чанарын болон төсвийн дүгнэлтийг гаргахаар болов.
Ажлын хэсгийн хуралд Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвийн холбогдох албаныхан оролцлоо.