Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийн талаар М.Тулгат даргатай Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Ардчилсан намын тамгыг хүчингүй болгоогүй. Анхан шатны шүүхэд ямар нэгэн үр дагавар гарахгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэгтэй холбоотой асуудал нэг талдаа гарсан. Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн тамга олгодог. Улсын бүртгэлийн гэрчилгээнд хэн төлөөлөх эрхтэй байна, энэ дагуу тамга олгосон. Тамганы үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн байсан. Ц.Туваан гэх хүн Ардчилсан намыг төлөөлөх эрхгүйг шүүхээс тогтоолоо. Цахим бүртгэлээс Ц.Тувааны нэрийг хассан, Ардчилсан намтай холбоогүй хүн болсон. Энэ асуудал хууль зүйн хүрээнд ямар ч ач холбогдолгүй болсон. Одоо хууль зүйн маргаан байхгүй, эцэслэгдсэн гэж ойлгож болно. Цаашид тамганы маргаан үргэлжлэхгүй.
Ардчилсан нам тамга, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тогтохгүй. Мөн Ардчилсан нам мөхөж алга болохгүй. Аливаа ардчилалд сорилт бэрхшээл байдаг. Ардчилсан нам 30 жил алдаж онож ирсэн, цаашид ч байх болно. Ачааны хүндийг үүрч чадах улс төрийн хүчин байна гэдэгт би итгэдэг. Өмнө нь манай нам үүнээс илүү хүнд зүйлийг давж гарсан. Гэхдээ бид холын зорилгоо харахгүй бол ойрын зовлон дуусахгүй. Тиймээс бидний уналт босолт нэг тул нэгдэхийг уриалж байна. Өнөөдөр Ардчилсан нам зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгаар тодорхойлогддог нам биш. Бид удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулах холын зорилго харж, хүчээ нэгтгэх хэрэгтэй. Ардчилсан намын даргаар ажиллаж байсан үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүд, Ардчилсан намын төлөөлөл болсон бүх хүмүүст хандаж хэлэхэд холын зорилгоо харж чадахгүй бол ойрын зовлон салахгүй. Бидний ойлгосноор АН дотор манай, танай гэсэн ойлголт байхгүй.
Тамганы асуудал шийдэгдсэн тул М.Тулгат даргыг Улсын дээд шүүх бүртгэхэд ямар ч асуудал байхгүй гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн хүн дураараа тайлбарладаггүй. Өнөөдөр Монгол Улсад шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан.