Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Уг Гэрэгэ Киоскоор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой болж байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ дагуу манай байгууллага иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлж, цахим үйлчилгээгээ үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа. Тухайлбал, бид эхний удаад Evisa.mn цахим үйлчилгээний сайтыг нэвтрүүлж виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимжууллаа. Мөн үйлчлүүлэгчдийн явдал чирэгдлийг багасгах зорилгоор гадаад иргэдийн бичиг баримтыг баталгаат шуудангаар хүргэх үйлчилгээг шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Өнөөдөр бас нэгэн үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа нь цахим төлбөрийн ГЭРЭГЭ киоск юм. Уг үйлчилгээ нэвтэрснээр төлбөр төлөхийн тулд банкны урт дараалалд зогсох шаардлагагүйгээр төлбөрийн картаа ашиглан ямар нэгэн нэмэгдэл шимтгэлгүйгээр төлбөр, тооцоо хийх боломж бүрдсэн. Энэ нь хотын төвөөс алслагдсан манай байгууллагын хувьд үйлчлүүлэгчдийн хүндрэл, чирэгдлийг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.” гэв. Мөн ГЭРЭГЭ киоск машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулахаар болсон байна. Ингэснээр гадаадын иргэд, түүнийг уригч аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нээгдэнэ хэмээн онцоллоо.
Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газар нь гадаадын иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас төрийн болон хувийн хэвшилд ашиглаж буй аль ч Гэрэгэ киоскоос англи, солонгос, хятад орос зэрэг 4 орны хэлнээс сонголтоо хийн төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлжээ.
Дашрамд мэдээлэхэд, Гэрэгэ киоск нь 12 аймагт, 120 гаруй байршилд байдаг бөгөөд 1 сая гаруй иргэн байнгын үйлчилгээ авдаг байна.