[starbox]
Эмээгээ нас барсан тухай эмгэнэлт мэдээг дуулгахаар Сибирийн тайга дундуур найман км явсан дөрвөн настай охины тухай мэдээлэл манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн гуравдугаар сард цацагдаж байсныг олон хүн санаж байгаа байх. Энэхүү мэдээлэл ОХУ-ын мэдээллийн хэрэгслээр ч өргөн хүрээтэй цацагдаж, Тувагийн Бүгд найрамдах улс, дөрвөн настай охин, түүний ээж рүү анхаарал хандуулах хүмүүсийн тоо олширсон байна.
-Энэхүү түүхийг хэтэрхий нэмж давсалсан нь илэрчээ. Учир нь охины явсан зам богино байсан бөгөөд охин харанхуйд ч гэрээсээ гараагүй, хунгар ч цас ч байгаагүй гэнэ –
Өнгөрсөн өвөл цасаар хучигдсан тайгын хэдэн километрийг туулж, эмээгээ нас барсан тухай хэл хүргэсэн дөрвөн настай охины ээж хорих ял сонсож, эх байх эрхээ хасуулж болзошгүй байна. Үүнээс гадна тэрхүү гэр бүлийг төлөөлөн оролцож буй өмгөөлөгч ч мэргэжлийн эрхээ хасуулах дээрээ тулжээ. Энэхүү дуулиантай холбоотой мэдээллийг хүргэж байна.
Тувагийн иргэн, 31 настай Элеонора Салчакийн дөрвөн настай охин хөршүүдээ эмээгээ нас барсан гэж мэдээлэх, бас ч үгүй тусламж дуудахын тулд өвлийн хүйтэн ойд хэдэн километр зам туулсан билээ. Тэгвэл түүний ээж Салчакийг хүүхдээ асарч хамгаалаагүй хэргээр шүүх хурал болох гэж байна. Энэ эмэгтэйн өмгөөлөгчийн үзсэнээр мөрдөн шалгалт процессын зөрчил, дутагдал дунд болж байгаа гэнэ. Харин Мөрдөн шалгах хорооноос өмгөөлөгчид мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан гэж үзээд бүс нутгийн Хууль зүйн яаманд өмгөөлөгчийн эрхийг нь хасах хүсэлт гаргасан аж.
Дөрвөн настай тува охин Саглана Салчакийн тухай холбооны сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санамсаргүй олж мэдсэн юм. 2017 оны хоёрдугаар сард Тувагийн хамгийн алслагдсан хэсгүүдийн нэг болох Тере-Хольский кожуунд тус Бүгд найрамдах улсын Дээд парламетын гишүүд ажлын айлчлалаар иржээ.
Ингээд гишүүд орон нутгийн иргэдтэй уулзах үеэр нэгэн өвгөн хүрч ирээд жаахан охин тайгыг туулж, хөршүүдээсээ тусламж авсан гайхалтай түүхийг ярьжээ. Охины эмээ нь гэнэт амьсгал хураасан аж. Жаахан охин маш ихээр бээрч, яг тэр уулзалт болох үед тухайн дүүргийн эмнэлэгт хэвтэж байжээ. Парламентын гишүүд ч эрэлхэг охиныг эргэсэн байна.
“Бид түүнийг эргэж очоод чихэр аваачиж өгсөн. Харин би түүний зургийг авч, аяллаас ирснийхээ дараа түүний тухай сурвалжлага бичихээр шийдсэн” хэмээн Хурлын мэдээлэл, дүн шинжилгээний газрын дарга Юрий Дарбаа ярьжээ.
Домог төрсөн нь
Хоёрдугаар сарын сүүлчээр тус бүгд найрамдах улсын парламентын сайтад “Алс холын Кунгуртугийн бяцхан баатар охин” хэмээх гарчигтай нэгэн нийтлэл гарчээ. “Саглана охин өглөө эрт сэрээд өвөөдөө эмээгээ огт хөдлөхгүй байна гэж хэлжээ. Өвгөн ч зээ охинтойгоо хамт сүүлийн хэдэн цагийн турш хайртай эзэгтэйгүйгээрээ амьдарсныг ухаарчээ. Ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй байв. Ингээд өвгөн эрсдэлтэй шийдвэр гаргаж, ач охиноо ойролцоохон амьдардаг Анай-оол Найдан малчны өвөлжөө рүү явуулахаар шийджээ. Тэрхүү өвөлжөө хүртэл найм орчим километр байдгийг ч тэр мэдэж байлаа. Гэвч тэр сохор учраас гадаа харанхуй байсныг мэдсэнгүй. Дөнгөж үүрийн зургаан цаг болж байв. Гэсэн ч охин хайрцаг шүдэнд аваад л хөршүүддээ эмээ нь өнгөрсөн тухай гунигт мэдээ дуулгахаар харанхуйд алхжээ” хэмээн нэмж чимэн бичсэн аж.
Цааш нь хүүхэд хэдэн цагийн турш хунгар цасыг туулан явахдаа азаар сүрэг чонотой дайралдаагүй гэжээ. Охин юм идэхийг хүсчээ. “Охины хүч тэнхээ барагдаж байлаа. Саглана маш ихээр даарч чичрэн, нүүр нь улайж, малгайнх нь хажуугаар гарсан үс цантжээ. Охин томчуудад “Эмээ маань өнгөрчихлөө” хэмээн арайхийн хэлсэн байна” гэж бичжээ. Энэхүү нийтлэлийн орон нутгийн сонин, сайтууд тарааж, дараа нь энэ мэдээ ОХУ-ын хэвлэлүүдийг бүхэлд нь хамарсан байна.
Ерөнхийлөгчийн дэргэдэх хүүхдийн эрхийн асуудлын бүрэн эрхт төлөөлөгч Анна Кузнецова энэ түүхийг сонсоод охинд “Халуун зүрх” шагнал гардуулах санал тавьжээ. Бусдад тусалсан хүүхдүүд, өсвөр үеийнхэнд олгодог энэ шагналыг охин авах гавьяатай гэж тэр мэдэгджээ. Бүс нутгийн Онцгой байдлын яам ч Сагланаг эрэлхэг зориг гаргасан хэмээн шагнахаа амлажээ. Тувагийн амбан захирагч Шолбан Кара-оол ч бяцхан иргэнийг магтсан байна.
Гэтэл энэхүү түүхийг хэтэрхий нэмж давсалсан нь илэрчээ. Учир нь охины явсан зам богино байсан бөгөөд охин харанхуйд ч гэрээсээ гараагүй, хунгар ч цас ч байгаагүй гэнэ. “Саглана өглөөний 11 цаг гарсан байх гэж бодож байна. Өвөө нь чихэр, жигнэмэг боож өгсөн болохоор өлсөө ч үгүй байсан. Би түүнийг өдрийн 13:00 цагийн үед харсан. Тэгэхээр хоёр цаг орчим л явсан гэсэн үг. Манай хоёрын хооронд дөрвөн километрийн л зайтай. Зам нь цас багатай, үүгээр бид бие бие рүүгээ чарга, УАЗ-аар өвс зөөвөрлөдөг. Айхтар хүйтэн ч байгаагүй. 13:37 цагийн үед эхнэр рүүгээ утастаж, Сагланагийн ээж Элеонораг хайхаар гарсан” хэмээн Сагланагийн хөрш Аян Найдан нэг сарын дараа ярьжээ.
Бусдын л адил аж төрдөг
Тере-Хольский кожуун бол Тувагийн хамгийн хүн ам цөөтэй, очиход хүнд газар юм. Тус бүгд найрамдах улсын нийслэл Кызыл хотоос Кунгуртугийн томоохон суурин хүртэл 350 км. Энэ замыг зөвхөн “Урал” машинаар л төөрөөгүй тохиолдолд 12-14 цаг туулах боломжтой юм.
Кунгуртугийн эргэн тойронд малчдын хэдэн арван сууринд хэдэн зуун хүн аж төрнө. Тэд хоорондоо 3-8 км зайтай аж төрцгөөдөг. Энэ хавьд 2.5 мянга орчим хүн амьдардаг бөгөөд өвөг дээдсийн уламжлалт хэв маяг, аж ахуйгаа эрхэлдэг ажээ.
“Энд ямар ч үйлдвэр байхгүй. Тиймээс ан агнуур, загасчлал, мал өсгөх нь нутгийн иргэдийн хэдэн зуунаас хийж ирсэн уламжлалт аж ахуй юм. Томчууд нь тайгаар явж, багачууд нь гэртээ үлдэнэ. Охины ээж ч бас тэдний л адил амьдардаг байсан. Хүүхдийн тэтгэмж гэж 792 рубль авч, загасчлалын аж ахуй эрхэлнэ. Хүнсээ авахаар Кунгуртуг руу явган явж хүрдэг. Энэ нь суурингаасаа хэдэн арван километрийн зайтай гэсэн үг” хэмээн Тере-Хольксий кожууны Төлөөлөгчдийн хурлын дарга Чечена Дудуп ярьжээ.
Элеонара энэ оны эхээр эцэг эхээсээ тусдаа гарч, өөрийн гэсэн байшин барьжээ. Гэхдээ тэр долоо хоног бүр эцэг эх, охиноо эргэн очиж, хүнс аваачдаг байсан гэнэ. Гэтэл энэ оны гуравдугаар сард Оросын Мөрдөн шалгах хорооны Тувагийн Бүгд найрамдах улсын салбар охины ээжид гэнэт л Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн “Аюултай нөхцөлд үлдээсэн”, 156 дугаар зүйлийн “Насанд хүрээгүй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэжээ.
Сэжигтэн этгээд дөрвөн настай охиноо очиход хүнд газарт амьдардаг эцэг эхдээ үлдээсэн гэж Мөрдөн шалгах хорооныхон үзэж байгаа юм байна. Үүнээс гадна нас дээр гарсан хүмүүс хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах боломж хомс байсныг ч эх нь мэдэж байсан гэжээ. Эхний зүйл ангиар бол Салчак хорих ял эдлэх бол хоёр дахь зүйл ангиар гурав хүртэл жилийн ял сонсох аж. Шүүхээс түүний буруутай нь тогтоогдвол эх байх эрхийг нь хасах юм байна.
Намайг ганцааранг минь битгий үлдээгээч
31 настай Элеонора Салчакийг саатуулах нь муухан боевик киног санагдуулж байна гэж түүний өмгөөлөгч Лейла Монгуш мэдэгджээ. “Би гуравдугаар сарын 14-нд мөрдөн шалгах хорооныхонтой хамт өмгөөлөгчөөр томилогдон Кунгуртугт нисч ирсэн. ДХЯ-ны нисдэг тэргээр нисч байлаа. Тэр үед би хүн амины хэрэг, эсвэл үүнээс илүү аймшигтай гэмт хэргийг судлахаар ниссэн гэж бодож байлаа.
Мөрдөн шалгах группт Оросын Мөрдөн шалгах хорооны гурван хүн, 8-10 цагдаа байсан. Үүн дээр багийн гишүүдийг тооцоогүй шүү. Биднийг тайгад амьдардаг охины ээж рүү явуулж байгаа гэж надад хэн ч хэлээгүй” гэжээ. Ингээд байцаагчид гэрчүүдээс байцаалт явуулахад Элеонора оросоор ярьдаггүй тул орчуулагч хэрэгтэй болжээ. Орчуулагчаа ч олж, байцаалтаа явуулах гэтэл буцаж нисэх цаг нь болсон байна.
Гэтэл энэ байцаагч нь түүнийг шууд л баривчлаад Кызыл рүү авч явна гэж дайрчээ. Эмэгтэйд Кызылд очоод хоноглох газар байхгүй, буцах замын зардалгүй байв. Тэгтэл цагдаа нар Элеонораг цасан дээгүүр чирч, машинд суулгаад, нисдэг тэргэнд оруулжээ. Эмэгтэй хүүхдүүдтэйгээ салах ёс гүйцэтгэх, ээлжийн хувцас авах, буцах замын зардал хүнээс зээлэх гэсэн боловч зөвшөөрсөнгүй.
Нисдэг тэргэнд Элеонора Салчак өмгөөлөгчийг дагаж, түүнд л итгэж байсан тул Монгуш түүний өмгөөлөгч болохоор шийджээ. Хожим нь Элеонорагийн хүүхдүүдийг ч Кызыл авч ирсэн байна. Элеонора Салчак дөрвөн настай охиноос гадна 12 настай, дотуур байранд суудаг хүүтэй юм. Тэд тавдугаар сарын сүүлчээр л тайгадаа буцжээ.
Эсэргүүцэгчид нэмэгджээ
Элеонора Салчакт холбогдох хэрэг Тувагийн нийгэм даяар дуулиан дэгдээж байна. Хүмүүс охины ээжийг хамгаалах тухай хүсэлт гаргаж, сүлжээнд байршуулжээ. Эмэгтэйг эрүүгийн хэрэгт яллахаа зогсоох шаардлагад 10 мянга орчим хүн гарын үсгээ зурсан байна. Энэ асуудалд Тувагийн сенатор Людмила Нарусовагийн анхаарлыг татаж, дээрх гомдлыг шалгуулахаар прокурорын газарт өгчээ. Гэвч Тувагийн прокурорын газраас мөрдөн байцаагчдыг үйл ажиллагаагаа зөрчсөн гэж үзэхгүй байна.
Харин ч ээжийн буруутайг батлан болон тооны баримт олдсон гэжээ. “Үүнийг буруутай этгээдийн ойр дотны төрөл төрөгсөд, Кунгуртуг суурины иргэд, ойролцоох суурин, эмч, албан тушаалтнуудын мэдүүлэг баталж байна. Протоколд тусгаснаар тухайн хүүхэд амьдрахад хүнд нөхцөлд аж төрж байжээ” хэмээн Мөрдөн шалгах хорооноос мэдэгджээ. Учир нь буруутан этгээд архи их уудаг, охиноо өсгөдөггүй, захиргааны зөрчил гаргасан гэж жижүүрийн хэсэгт хүргэгдэж байсан нэгэн гэжээ.
Өмгөөлөөр эрхээ алдаж болзошгүй
Харин Салчакийн өмгөөлөгч Сагланагийн ээжийг буруугүй гэж үзэж байна. “Магадгүй тэр уудаг байж болох юм. Гэхдээ охинд ийм явдал тохиолдсон өдөр тэр согтуу байсан гэх албан ёсны баталгаа байхгүй шүү дээ. Бид буруугүй гэж үзсээр байх болно” гэжээ.
Тере-Хольский кожууны Төлөөлөгчийн хурлын дарга Чечена Дудуп ч эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Салчакт хэтэрхий хүнд шийтгэл гэжээ. Тэрбээр “Элеонорад цагдаагийн хэсэгт хүргэгдэж ирсэн тохиолдлууд бий. Гэхдээ тэр бол залуу цагийн явдал. Харин би түүнийг лав архичин гэж хэлэхгүй. Жирийн л нэг ээж. Хүүхдүүддээ маш сайн ханддаг. Тийм болохоор яагаад эх байх эрхийг нь хасах гээд байгааг ойлгохгүй юм. Тэд өдгөө бүгд тайгад ажилтай байгаа шүү дээ. Энд загасчлалын улирал эхлээд байна” гэжээ.
Тувагийн амбан захирагч Шолбан Кара-оол “Юуны учир охины ээжийн эрхийг хасах гээ вэ? Оросын хязгаар, тайгад төрж, өссөнөөсөө болоод уу? Энд хүүхдүүдээ өөр аргаар өсгөж болдоггүй юм уу. Мэдээж хуулиа дагаж ёстой. Гэхдээ хууль гэдэг энгийн хүнийг илүү тав тухтай амьдрахад зориулж хийсэн юм шүү” гэжээ.
Үүнээс гадна мөрдөн шалгагчид Элеонора Салчакийн өмгөөлөгч Лейла Монгушийн өмгөөллийн эрхийг хасахыг шаарджээ. Тэдний үзэж буйгаар Монгуш нь мөрдлөг шалгалтыг үнэн зөв явуулахад саад учруулсан гэнэ. Тухайлбал, буруутай этгээдэд хамааралгүй материалыг тува хэл рүү орчуулах тухай хүсэлт гаргасан. Түүнчлэн хүүхдийг шүүх эмнэлгийн шинжилгээнээс бултуулсан, мөрдөн шалгах ажиллагааг тасалдуулсан гэжээ. Тувагийн Бүгд найрамдах улсын Өмгөөлөгчдийн танхимын мэргэжлийн хороо өмгөөлөгчийн мэргэжлийн эрхийг хасах эсэхийг өнөөдөр шийдэх юм байна.
6 comments
Монголтой минь маш ойрхон байдаг газар байна ш дээ. Хөвсгөл нуураас холгүй хилийн цаахна байдаг юм байна.
ээж байх эрхийг хасах ямарч үндэслэл алга гэж бодлоо. хүүхдүүдийг нь хэн харж хандах вэ хорьвол. Мундаг охин юмаа.
Тэр хуульчидад яагаад охинийг шийтгэх гээд зүтгээд байгаан бол. Эхийг хоричихоод охины хувь заяаг хариуцах болуу тэд.
Ээжийг нь хорихоор чинь ар гэрийг өвөөг охин хүү нарыг нь хэн тэжээж өсгөх болж бна аа ямар сонин хуультай юм бэ
Ene ymar suurian.gazar.amidarch bgaa.humuus bishde. Amidarch bgaa.gazraasaa.shaltgaalaad amidraliin.hew.mayg ntr.shal.uur.l bgaa. magadguu iim zuil taigad bol baih l uzegdel bj medne.
Za daa manai mongold ch iim yum bga nbh oo