Дэлхийн улс орнууд хүн амаа вакцинжуулах ажилд татан оролцуулахын тулд янз бүрийн арга, заль хэрэглэж байна. Тэдгээрээс хүргэе.
Серб
Тус улсад хүн амын 30% нь вакцин хийлгэжээ. Вакцинжуулалтад ард иргэдээ татан оролцуулахын тулд тус улсын Ерөнхийлөгч Александр Вучич тавдугаар сар дуусахаас өмнө тарилга хийлгэсэн хүн бүрд 3000 динар буюу 80 мянга гаруй төгрөг амлаж байна. Энэ үйл ажиллагаанд худалдааны төвүүд нэгдэж, вакцин хийлгэсэн хүмүүст дараагийн худалдан авалтад нь зориулан 3000-5000 динарын тусгай хөнгөлөлт, урамшуулал зарлаж эхэлжээ. Түүнчлэн баар, ресторан тарилга хийлгэсэн хүмүүсийг үдийн үнэгүй зоог, амттанаар дайлж байна. Хөнгөлөлтийн ваучер олгож эхэлснээс хойш вакцины дараалал үүсэж эхэлсэн гэнэ. Компанийн эзэд COVID-19-ийн тарилга хийлгэсэн ажилтнууддаа 30-80 еврогийн урамшуулал амлажээ.
Румын
Румынд вакцинжуулах цэгийг Дракула гүнгийн домогт шилтгээнд хийж эхэлжээ. Бран шилтгээнд очсон хүмүүс Pfizer/BioNTech-ийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдахаас гадна тавдугаар сарыг дуустал амралтын өдрүүдэд урьдчилан бүртгүүлэхгүйгээр дундад зууны үеийн эрүү шүүлтийн музей үнэ төлбөргүй үзэх боломжтой. Тариулсан хүн бүр Дракулагийн шилтгээнд вакцинд хамрагдсан гэсэн гэрчилгээ авна.
АНУ
Америкт 260 сая гаруй хүн тариулжээ. Гэхдээ үүнээс 100 сая нь л хоёр тунгаа авчээ. Вакцинжуулалтыг хурдасгаж, Тусгаар тогтнолын өдрөө хүн амынхаа 70 гаруй хувийг тарихын тулд төрөөс нэмэлт арга хэмжээ авч ажиллаж байна.
Нью-Жерси, Коннектикутын ресторанууд коронавирусийн тарилга хийлгэсэн хүмүүст шар айраг, эсвэл хатуу архи үнэ төлбөргүй өгч байгаа бол Мэрилендэд вакцинжуулагдсан төсвийн ажилтнуудад 100 доллар амлаж байна. Ийм саналыг Баруун Виржиниа мужийн засаг захиргаанаас гаргасан ч тэд 16-35 насны бүх хүн амдаа урамшуулал олгоно гэжээ. Лос-Анжелест тариулсан хүмүүст жимс, ногоо өгөхөөр болжээ.
Израиль
Израиль улсаас тариулсан хүмүүстээ хүнсний багц өгчээ. Энэ маягаар хуучинсаг хандлагатай хүмүүсээ татах зорилго агуулсан байна. Тэд вакциныг эрс эсэргүүцдэг байсан юм. Түүнчлэн сурагчдын дунд онцгой тэмцээн зохион байгуулж, ялагчдад янз бүрийн үйл ажиллагааны тасалбар олгожээ.
Франц
Франц улс 25,5 сая гаруй иргэнээ вакцинжуулжээ. Тус улсын вакцины хорооны дарга Ален Фишер залуусыг вакцинжуулалтад идэвхтэй хамруулахын тулд Засгийн газраас хөлбөмбөгчин Килиан Мбаппег татан оролцуулахаар төлөвлөж байгаа гэсэн юм. Францын шигшээгийн довтлогч, “Пари Сен-Жермен” багийн гишүүн түүнийг вакцинжуулалтын үндэсний кампанит ажлын нүүр царай болгохыг хүсчээ. “Залуу байхдаа бид Ерөнхийлөгчийг, эсвэл эмчийг биш, найз нөхдөө сонсдог шүү дээ. Бидний зорилго бол жүжигчид, дуучид, тамирчдаар вакцинжуулалтын талаар яриулах явдал юм. Мбаппе яг тохирох хувилбар нь” хэмээн Фишер мэдэгджээ. Одоогоор хөлбөмбөгчин зөвшөөрөл өгөөгүй байна.
Монгол
Монгол Улсын Засгийн газар иргэдээ коронавирусийн вакцинд идэвхтэй хамруулахын тулд тариулсан хүн бүрт 50 мянган төгрөг олгоно гэжээ. Нийслэл Улаанбаатар хотын иргэдэд хүнсний талон, нийгмийн тэтгэмж амлаж байна. Одоогийн байдлаар 500 мянга гаруй хүн хоёр тунгаа авчээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта