Хоёрдугаар сарын 23-наас хойш сая гаруй хүн вакцинд хамрагдсан. Үүнээс нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийнг 0.5 хувь орчим нь халдвар авсан. Эдгээр хүн тодорхой хэмжээнд дархлаатай болж, өвчлөх эрсдэл буурсан нь тархалтын тоо буурахад нөлөөлж байгаа нэг хүчин зүйл юм.
ЭМЯ-нд вакцинтай холбоотой нас баралтыг хянах систем ажилладаг. Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг судлах эрдэмтдийн баг давхар ажилладаг. Дээр нь Шүүх шинжилгээний хүрээлэнгээс тухайн хүн вакцинаас болж нас барсан эсэхийг шинжилж, тогтоодог.
Өнөөдрийг хүртэл “COVID-19”-ийн эсрэг вакцин тариулсан даруйдаа, эсвэл 30 минутын дотор нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Тариулаад тодорхой хугацааны дараа, гэртээ харьсныхаа дараа нас барсан тохиолдлууд бүртгэгдсэн. Гэхдээ үүнийг шууд вакцинтай холбож тайлбарлахад арай эрт бөгөөд магадлалын хувьд ч бага юм. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинжилгээнүүд хийж байгаа. Вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хүмүүс нь бүгд тариулсныхаа дараа 30 минут хяналтад байсан гэж өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
Л.Баяр