АН-ын бүлэг бүлгийнхээ хурлыг Сүхбаатарын талбайд хийсэн байна. Бүлгийн хурлаараа цаг үеийн нөхцөл байдал, хууль дээдлэх байдал алдагдаж байгаа талаар ярьсан байна.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Цар тахалтай хүнд хэцүү нөхцөлд ард түмнийг хоёр жил хорьчихоод, бидний үг хэлэх эрх чөлөөг хааж, боож байна. Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гаригт УИХ-ын чуулган хуралддаг. Өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганд манай бүлгийн гишүүд орж үг хэлэхэд яаж хандаж, харьцсаныг харсан байх. Үг хэлүүлэхгүй бүх микрафоныг хаасан. Бид чуулган дээр ярьж чадахаа больсон. Баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл өгөх байсан. Гэвч чуулганыг хуралдуулаагүй, Ерөнхий сайд мэдээлэл өгөөгүй. Чуулган дээр ч Ерөнхий сайд нь орж ирэхээ больсон Өнөөдөр аргагүй эрхэнд Төв талбай дээрээ хуралдлаа. Зохих шаардлагыг тавьж байна. Нэгд, хууль бус зүйлүүдээ зогсоогооч ээ. Нэг нам, нэг хүний дарангуйллаа зогсоо. Монголын иргэд 28 хоног гэртээ хоригдож, олон ажилгүй орлогогүй болж байна.
Хүүхдүүд маань хоёр жил хичээл сургуульдаа явсангүй. Ийм ноцтой байдал үүсээд байхад манай эрх баригчид дэлхийд, Азид хэдэд орж байна гэж уралдаан ярьж байна. Бидэнтэй заналхийлсэн байдалтай ярьдаг. Олон улс оронд олон жил болсон коммунист намыг тараадаг. МАН бол нэг хүний дарангуйлал руу явж байна. Энэ суурин дээр дараагийн мутацид орсон залуу комминустууд гарч ирж, эрх мэдэл, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаж байгаа манай бүлгийн гишүүдэд эсгий ч оруулахгүй хааж байна, ингэж болохгүй. Татвар төлөгчийн мөнгөөр цалинждаг МҮОНРТ энд хүртэл алга. Цаашид УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Биднийг Төрийн ордонд ч оруулахгүй байхыг үгүйсгэхгүй ийм нөхцөл байдалтай байна. МАН ч гэж дээ хэдхэн хүний гарт орсон нам болж хувирсан. Монголын ард түмэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаасай гэж хүсч байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа:
-Өнөөдөр Засгийн газрын 100 дахь хоног болж байна. Хэвлэлээр их зүйл хийсэн гээд гоё, гоё юм ярих байх. Гэхдээ Засгийн газар 100 хоногоо 170 монгол хүний амь насаар угтаж байна. 170 хүн халдварын улмаас нас барж, 45 мянга гаруй хүн өвчилсөн байна. Энэ бол Улсын онцгой комиссын буруу шийдвэрийн улмаас энэ олон хүний амь нас хохирсон гэж бид үзэж байгаа. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд эмгэнэл илэрхийлье.
Өнөөдөр Монгол Улсад хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон юм байна. Ийм олон хүн амь насаа алдчихаад байхад Засгийн газар юу ч болоогүй юм шиг байна. Өнөөдөр Төрийн ордонд мөн УИХ-ын гишүүд юу ч болоогүй юм шиг байна. Чуулган нь цагтаа хуралдахгүй, түр хороод хуралдахгүй, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдыг өөрийн биеэр Covid-19 нөхцөл байдлын мэдээг сонсох гэсэн боловч ирээгүй. Энэ хүнийг Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш чуулганы танхимд нэг ч удаа хараагүй. УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон. Өнөөдөр 100 хоног дээрээ баахан худлаа ярих байх. Цар тахлаар дамжуулж бүх зүйлийг дур мэдэн шийддэг эрх баригчидтай болсон. Өнгөрөгч 2020 онд 5.1 их наяд төгрөгийг өөрсдөө зарцуулсан. Энэ мөнгө иргэдийн эрүүл мэнд, эмчилгээнд зарцуулагдаагүй.
Энэ мөнгийг эрх баригчдын сонгуульд зарцуулсан. Цөөхөн хүн амтай улс орнууд цар тахлын халдварыг хумьчихсан байна. Хэдэн зуун саятай хүн амтай улсад мэдээж хүндрэл байгаа. Монгол гуравхан сая хүн амтай улс атлаа энэ их мөнгийг үр дүнтэй зарцуулсан бол өвчнийг бүрэн хумих байсан. Гэтэл 100 мянган хүн амд ногдох өвчлөлөөр дэлхийд тэргүүлээд явж байгаа нь энэ Засгийн газрын үйл ажиллагааны шившиг гэж хэлмээр байна. Монгол Улс 659 сая ам.долларын зээлийг олон улсын байгууллагаас авсан. Энэ мөнгийг ямар ч үр ашиггүй ашигласан байна. Өнөөдөр эрүүл мэндийн ажилчид хүчин мөхөсдөж байна. Тэд урамшууллаа авч чадахгүй байнга дарамталж байна. Тиймээс Засгийн газрыг 100 хоногтоо маш муу ажилласан гэж үзэж байна. УОК нь цаг үеэ олоогүй дандаа буруу шийдвэр гаргадаг. Өөрт ашигтайгаар хөл хориог дуртай үедээ хийж байна. Эдийн засаг өнөөдөр маш муудлаа.
УИХ- ын гишүүн Ц.Туваан:
-Нэг намын дарангуйллын эсрэг бид тэмцэж байгаа. Дан ганц Ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг биш юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг батламжилсан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээгүй байж нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн заалтыг өнөөдөр холбогдох хуулиудаас авчихсан байна. Нэг намын дарангуйллыг таслан зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ.