ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Хөл хорио дууссан ч ковид дуусаагүй гэдгийг иргэд маань сайтар ойлгоорой. Вакцин хийлгэсэн юм чинь гээд хуурамч тайвшрал үүсгэж болохгүй. Хөдөлмөрийн идэвхтэй 20-50 насны хүмүүс халдвараар хамгийн их өвчилж байна. Ингэснээр ар гэрийнхэндээ халдвар тараах өндөр эрсдэл байна. Вакцины дараах тайвшрал үүссэнээр дахин халдварын том давлагаа үүсэх эрсдэл байгааг иргэд анхаарах хэрэгтэй. Хүн бүрд вакцины дархлаа тогтох урвал өөр, өөр байна. Тиймээс хүмүүс нэг дор цуглахгүй байх нь хамгийн чухал. Нэг дор 5-6, түүнээс олуулаа цуглаж болохгүй.
Хэрвээ хөл хорио тогтоогоогүй бол нэг өдөрт 3000 гаруй тохиолдол илрэх байсан. Вакцины хамгаалах урвалыг 80 хувь гэж үзвэл хүн амын 20 хувь буюу 400 мянган хүн өвчлөх эрсдэл одоо хүртэл байна. Тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч том давлагаа гарахыг үгүйсгэхгүй.
Л.Баяр