Дэлхийн температурын өсөлт өнгөрсөн онд 3 сая жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч, хүн төрөлхтнийг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт улам ойртууллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ.
“Өнгөрсөн жил цаг агаарын эрс тэс уур амьсгал, гамшигт үзэгдлийн урьд өмнө тохиолдож байгаагүй бас нэгэн үе байлаа” гэж тэрбээр “Петерсбергийн уур амьсгалын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр, агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж хамгийн дээд хэмжээндээ хүрч, аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 148 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн температур 3 гаруй хэм, харин далайн түвшин 15 орчим метр өндөр байсан гурван сая жилийн хамгийн өндөр үзүүлэлт болохыг Гутерреш цохон тэмдэглэжээ.
“Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах улс орнуудын одоогийн амлалт хангалтгүй байгаа бөгөөд бид зууны эцэс гэхэд температурыг 2.4 хэмээр өсгөх замаар урьдын адил явсаар байна. Хүн төрөлхтөн ангалын ирмэг дээр зогсож байна” гэж тэрбээр анхааруулав.
“Гэхдээ бид хамтарч ажиллавал уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлж, цар тахлын дараах сэргэлтийг ашиглан хөгжлийн илүү цэвэр, ногоон замыг сонгож чадна” гэж Гутерреш хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ