Судалгаагаар 150 сая буюу дэлхийн нийт иргэдийн 2 хувь нь толгой хоргодох орон гэргүй гэж гарчээ. Энэ асуудал хөгжиж буй орнуудад төдийгүй хөгжингүй орнуудад ч хурцаар тавигддаг. Харин Европын холбоонд орон гэргүй хүмүүсийн тоо нь нэмэгддэггүй, хасагддаг нэг улс байдаг. Энэ бол Финлянд юм. Финлянд улс 10 гаруй жилийн турш Housing First буюу “Эхлээд сууц” хэмээх бодлого явуулж байна.
2008 онд энэ бодлогыг амьдралд хэрэгжүүлж эхэлснээс хойш тус улсад орон гэргүй иргэдийн тоо 40 хувиар буурсан байна. 2020 оны сүүлчээр Финляндад 4341 орон гэргүй иргэн бүртгэгдсэн нь хүн амынхаа 0,08 хувь юм.
2008 он хүртэл Финляндын Засгийн газар орон гэргүй иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр оролдож, түр асрах байр барьж байсан боловч урт хугацааны энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байлаа. Энэ улсад өмнөхийн адил 8000-гаад орон гэргүй хүн үлдэж, ажил ч эрхэлж чадахгүй байв. Учир нь ажилтай болохын тулд тогтмол оршин суух газар хэрэгтэй. Гэтэл ажил байхгүй болохоор түрээсийн мөнгө төлж дийлэхгүй.
Энэ нөхцөл байдлын улмаас нийслэлийн төвд майхантай хотхон хүртэл бий болжээ. 1987 онд орон гэргүй иргэдийн анхны бүртгэл мэдээлэл гаргахад 18 000-гаад хүн гэж гарчээ. Өнөөгийн Засгийн газар орон гэргүй иргэдийнхээ тоог 2023 он гэхэд хоёр дахин бууруулах зорилт тавьж, 2027 он гэхэд орон гэргүй байдлын бүрмөсөн халахаар шийдвэрлэжээ.
2008 оны хөтөлбөрийн хүрээнд тухайн хүн ямар шалтгаанаар орон гэргүй болсон бэ гэдгээс шалтгаалахгүйгээр байшин, санхүүгийн дэмжлэг олгохоор болсон аж. Ингэхдээ тухайн хүнээс юу ч шаардахгүй, ямар ч нөхцөл тавихгүй. Архи уухаа болих, ажилдаа орох ёстой гэж ятгахгүй. Учир нь Housinf First-ын гол санаа нь тухайн хүнийг ямар ч байсан толгой хоргодох орон гэртэй болгох явдал юм. Энэ бол хүний үндсэн эрх билээ.
Хямд төсөр үнэтэй ийм байранд богино хугацаанд оруулаад, дараа нь сургалтад сургах, ажилд оруулах асуудал эрхэлдэг аж. Мөн найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгээ эргэн харилцаа тогтоох, сэтгэл зүй, эмнэлгийн тусламж авах, боловсрол эзэмших, цаашид нийгэмшихэд нь туслахын тулд ашигтай дадал хэвшил суулгах зэрэг асуудлыг эрхэлдэг байна.
Эх сурвалж: fishki.net
Орчуулсан Э.Март