УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.
Тус хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргасан.
Тодруулбал, уг хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм.
УИХ цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.
Хуульд өөрчлөлт оруулснаар 0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй аав нар сар бүр тэтгэмж авах боломж бүрдлээ. Тус хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.
Л.Баяр