Уул уурхай газар нутгийн 0.04%-д явагддаг бол хөдөө аж ахуйн газар талхлалт нийт газар нутгийн 50%-д хүрсэн байна
Дэлхийн хүн ам хурдацтай өсөж буйтай зэрэгцээд газар нутгийн талхлалт, хөрсний доройтол аюулын харанга дэлдэж байна. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарын нөлөөгөөр дэлхийн хүн амьдрах боломжит нийт газар нутгийн тал хэсэг буюу 50 хувь нь талхлагдаад байгаа аж. Үүнтэй харьцуулахад, “муу нэртэй” гэгддэг уул уурхайн үйл ажиллагаа газар нутгийн дөнгөж 0.04 хувьд явагддаг талаар “Англо Американ” компанийн Гүйцэтгэх захирал Марк Кутифани саяхан мэдэгджээ.
Түүний илтгэлд дурдсанаар “Одоогоор дэлхийн эдийн засгийн үйл ажиллагааны 45 хувь нь уул уурхайн салбар дээр тогтож байна”. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын үндсэн амьжиргаа, түүхий эдийн борлуулалт, боловсруулалтаас гадна эрчим хүч, харилцаа холбоо, зам тээвэр, хүнс боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг маш олон салбарууд уул уурхайгаас шууд хамааралтай байгааг онцолсон байна. Уул уурхайн салбарыг сөрөг нөлөө ихтэй гэж үздэг олон нийтийн түгээмэл ойлголтыг тэрээр олон баримтуудаар няцааж, эдийн засагт оруулж буй үлэмж том хувь нэмэртэйгээ харьцуулахад үзүүлж буй сөрөг нөлөөлөл хамгийн багатай салбар гэдгийг онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд технологийн дэвшилд гарч буй олон өөрчлөлт, ахиц дэвшлийн ачаар хариуцлагатай уул уурхайн жишиг бүрэлдэж, олон нийтийн ойлголт, мэдээлэл ч түүнийгээ даган хувьсан өөрчлөгдөж буй. Энэ хүрээнд дэлхий даяар олон уул уурхайн компаниуд нийгэм, орон нутагтайгаа ойлголцол, харилцаагаа шинэ түвшинд гаргахын зэрэгцээ, улс орны хөгжил, урт хугацааны тогтвортой байдал руу чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байна.
Эх сурвалж: www.mining.com