Бразил улс Оросын бүтээсэн, коронавирусийн эсрэг “Cпутник V” вакциныг хүчтэй томуугийн өвчлөл үүсгэдэг байж магадгүй гээд татгалзжээ. Үүний хариуд ОХУ Бразилийн эмийн зохицуулалтын байгууллагыг хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгасан байна.
Оросын “Cпутник V” вакциныг дэлхийн 60 орон хэрэглэхийг зөвшөөрчээ. Гэвч Европын эм бэлдмэлийн агентлаг ЕМА одоогоор энэ вакцинд зөвшөөрөл өгөөгүй, шалгасаар байгаа юм.
Тэгвэл Бразилийн Үндэсний эрүүл ахуйн хяналтын агентлаг Anvisa “Спутник V”-г импортлохыг хориглож, хэвлэлийн мэдээлэлдээ эрсдэл өндөр, томоохон дутагдалтай гэж мэдэгджээ. Тус байгууллагаас хоёр дахь тарилгад ашигладаг бэлдмэлээс идэвхжүүлээгүй биш, харин “амьд” аденовирус илрүүлсэн гэсэн байна. Энэ вирус нь хүний биед үржээд, халдвар үүсгэх чадвартай гэжээ.
Бразил яагаад Оросын вакцинаас татгалзав
Anvisa-гийн техникийн хэлтсийнхэн өмнө нь “Спутник V”-гийн импортыг хориглох зөвлөмж гаргаж, энэ вакциныг оруулах ирэхийн өмнө аюулгүй байдал, үр дүнтэй байдалтай холбоотойгоор тогтоох шаардлагатай нэн чухал асуудал байна гэж мэдэгджээ. Эдгээр асуудлын хариулт болгож вакциныг боловсруулагч Гамалейн нэрэмжит хүрээлэнгээс Бразилийн эм бэлдмэлийн зохицуулах газарт гуравдугаар сарын 26-нд хаягласан албан бичиг илгээжээ. Энэ тухай хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 30-нд хэвлэлийн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Энэ албан бичигтээ “Спутник V”-ийн ямар ч хэсэгт “амьд” аденовирус байхгүй гэжээ.
Гэвч Бразилийн зохицуулах газрын мэдээлснээр Оросын тал бэлдмэлийн боловсруулалт, туршилт, үйлдвэрлэлийн талаар логик үндэслэлтэй, нарийн мэдээлэл өгөөгүй гэсэн байна. Үүнээс гадна вакцины үр дүнгийн тухай мэдээлэл, түүнчлэн аюулгүй байдал, чанарын хяналтын стандартын талаарх мэдээлэл байхгүй буюу бүрэн бус байсан гэж Anvisa-гийн төлөөлөгч баталжээ. “Бид үр дүн, чанар, аюулгүй байдал нь батлагдаагүй бэлдмэлийг хэдэн сая бразилчууд хэрэглэхийг зөвшөөрөхгүй” хэмээн Anvisa-гийн тэргүүн Антонио Барра онцолжээ. Түүний хэлсэнчлэн “Спутник V” вакцины хяналтын бүх хэсэгт Бразилийн үндэсний агентлагаас хяналт шалгалт хийхэд аденовирусийн үржсэн хэсгүүд илэрсэн гэнэ. “Энэ нь коронавирусйн материалыг эсэд хүргэхээр л ашиглаж буй аденовирус үржих чадвартай гэсэн үг. Энэ бол том асуудал” хэмээн Anvisa-гийн эм, биологийн бүтээгдэхүүний ерөнхий менежер Густаво Мендес мэдэгджээ.
“Спутник V” вакцин дархлаа султай хүмүүст аюултай байж болзошгүй. Учир нь өвчнийг өдөөгч аденовирус идэвхжээгүй учраас өвчлөл үүсгэж болзошгүй гэж Америкийн Жоржтауны их сургуулийн Сenter for Global Health Science and Security-нийн вирус судлаач Анжела Расмуссен Твиттертээ бичсэн аж.
Бразилд илгээсэн “Спутник V”-гийн тунд ямар нэг асуудал гарав уу?
“Спутник V” бол AstraZeneca, Johnson&Johnson компаниудын бэлдмэлүүдийн адил векторын вакцин юм. Үүний РНХ-ийн вакцинаас ялгарах давуу тал нь хадгалахад хялбар бөгөөд энгийн хөргөгч ашиглаж болдог онцлогтой.
Векторын вакциныг үржлийн генээ алдсан векторын аюулгүй вирусийн суурин дээр бүтээдэг. Тэдгээрийн найрлагад тусгай код буюу SARS-CoV-2-гийн геномын багахан геном, энэ тохиолдолд коронавирусийн өргөсийг суулгадаг. Векторуудыг эсийн эмгэгт биед хүргэж, тэндээ вирус нь үржиж, SARS-CoV-2-ийн уургийн дархлааны хариу үйлдэл үзүүлдэг байна. Энэ зарчмаар улаан бурхан, салхин цэцэг, гахайн хавдар, улаануудыг вакцинуудыг боловсруулдаг аж.
“Cпутник V” нь энгийн үедээ томуу, томуу төст өвчин үүсгэдэг аденовирусийн вектор дээр суурилан боловсруулагдсан. Ерөнхийдөө вакцин үйлдвэрлэлд векторуудад Е1, Е3 генийг устгаж, тэдгээрийг идэвхгүйжүүлдэг байна. Харин Бразилд гаргасан “Спутник V”-ийн хувьд ийм зүйл болоогүй гэж байгаа нь санамсаргүй тохиолдол уу, ажилдаа хайнга хандсанаас болсон уу гэдэг нь тодорхойгүй байна.
Тэгвэл Словак улс яагаад “Спутник V”-гээс татгалзав?
Словакт 2021 оны гуравдугаар сард Оросын “Спутник V” вакциныг тойрсон томоохон дуулиан дэгдсэн юм. Эм бэлдмэлийн хяналтын улсын хүрээлэн буюу SUKL нь Словакт ирсэн 200 мянган тун вакцин бусад оронд тарьсан, анагаахын The Lancet сэтгүүлд танилцуулсан бэлдмэлүүдтэй огт адилгүй байсан гэжээ. Эдгээр вакцинууд хооронд нэр нь ижилхэн байсан гэсэн дүгнэлтийг Словакийн хянагчид гаргажээ.
Үүнээс болоод Орос, Словакийн хооронд зөрчилдөөн үүсэж, үр дүнд нь Словакийн Эрүүл мэндийн сайд нь огцорсон юм. Словакт нийлүүлсэн бэлдмэлээ Орос буцаан авахыг шаарджээ.
Орост “Спутник V”-ийг үйлдвэрлэгчид Бразилийн мэдээллийг хуурамч мэдээлэл гэж үзэж байна. “Спутник V”-ийн өрсөлдөгчид болох томоохон эмийн концернууд түүний амжилтаас айж, сул талыг нь олж чадахгүй байгаа учраас амархан тархаж болох хуурамч мэдээлэл цацаж байна” хэмээн үйлдвэрлэгчид нь Твиттер-тээ жиргэжээ.
Орчуулсан Э.Март