Цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалт зогсож, теле, цахим хэлбэрт шилжсэн. Сурагчдын боловсролын чанар муудаж, хоцрогдол гарч байгаа талаар эцэг, эхчүүд ярьж буй. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлаа.
-Нийслэлийн Боловсролын газрын зорилго, чиг үүргийг танилцуулна уу?
-Манай байгууллага нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг арга зүйн болон захиргааны удирдлагаар ханган ажилладаг. Улаанбаатар хотод төрийн болон төрийн бус өмчийн 600 гаруй цэцэрлэг, 270 орчим сургууль байна.
-Цар тахалтай энэ үед цахим, теле хичээл орж байгаа. Үр дүн хэр байгаа вэ?
-Улсын Онцгой комисс, Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 27-нд шийдвэр гаргаж бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон.
2020 оны хоёрдугаар сарын 3-наас эхлэн теле хичээл хэлбэрээр сургалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм. Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын хичээл теле хэлбэрээр явсан. 2021 оны хичээлийн жил эхлээд эхний 11 долоо хоног танхимаар хичээллэсэн байна. Дотооддоо халдвар бүртгэгдсэний улмаас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 18 буюу нэгдүгээр улирлын амралт хүртэл цахимаар хичээллэсэн.
Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлж, мөн цахим хэлбэрээр гуравдугаар сарын 26 хүртэл хичээллэлээ. Гуравдугаар улирлын хичээл эхлээд дөрвөн 7 хоног цахим хэлбэрээр явж байна. Үлдсэн таван 7 хоногийн хичээл мөн цахим хэлбэрээр явагдах төлөвлөгөөтэй байна. Бид нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын теле болон цахим хичээлийн үр дүнг сайжруулах, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Сургалт танхимын хэлбэрээр явагдахад үр дүн өндөр байдаг. Цоо шинэ буюу теле, цахим хэлбэр рүү шилжсэнээс болж үр дүн хангалттай биш, хоцрогдол үүсэж байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна. Зайны сургалтын чанар, үр дүнг сайжруулахаар Нийслэлийн Боловсролын газраас хөтөлбөр гаргасан. Энэ хөтөлбөрөө нийслэлийн хэмжээнд боловсролын 1,000 гаруй байгууллагад хэрэгжүүлж байна.
-Хөтөлбөрт юу тусгасан бэ?
-Энэхүү хөтөлбөрт Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсүүд, зөвлөлдөх багууд юу хийх вэ, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсроын байгууллага юу хийх вэ гэдгийг зааж өгсөн. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр сургуулийн орчинд давтлага зохион байгуулах, эсэхийг шийдвэрлэнэ, сургууль, цэцэрлэг болгон өөрсдийн төлөвлөгөө гарган ажиллана.
Теле хичээлийн хуваарьтай зохицуулан сурагчдын ачааллыг тооцож, цахим хичээлийн нэгдсэн хуваарийг сургуулийн хэмжээнд гаргаж ажиллана гэх мэтчилэн нарийн зааж өгсөн.
Сургуульд заах аргын нэгдэл байдаг. Заах аргын нэгдэл, багш нар юу хийхийг мөн зааж өгсөн. Нийслэлийн хэмжээнд бүх сургууль, цэцэрлэг энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа. Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 112 мянга орчим хүүхэд, ерөнхий боловсролын сургуудьд 317 мянган хүүхэд сурдаг.
2020 оны арваннэгдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 86.3 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 78.7 хувь нь теле, цахим хичээлд хамрагдсан байна. Арванхоёрдугаар сард ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 87 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 82 хувь, хоёрдугаар сард сурагчдын 88 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 80 хувь, гуравдугаар сард сурагчдын 90 хувь, цэцэрлэгийн хүүхдүүдийн 87 хувь хамрагдсан.
Дөрөвдүгээр сар гарснаас хойш теле, цахим хичээлд хамрагдах хувь өсөж байгаа. Үүнээс бид хоцрогдол арилгах хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэж харж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд багш нар, эцэг эхчүүдтэй холбогдон ажиллаж байгаа.
Зайнаас холбогдох боломжгүй хүүхдүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна. Теле, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг бид долоо хоногоор гаргадаг. Өнгөрсөн долоо хоногт сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн 93 хувь нь теле хичээлд хамрагдаж, 6.57 хувь буюу 15.414 хүүхэд хамрагдаагүй гэсэн судалгаа гарсан. Үүнээс
8.32 хувь буюу 1,283 хүүхэд нь эрүүл мэндийн,
7,200 хүүхэд тасалсан,
2,700 хүүхэд теле хичээл үзэх боломжгүй,
4,000 хүүхэд бусад шалтгаантай байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 91.51 хувь нь теле, цахим хичээлд хамрагдаж, 8.49 хувь буюу 27 мянга орчим сурагч хамрагдаж чадаагүй. Теле, цахим хичээлд хамрагдаж чадаагүй сурагчдын долоон хувь нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хоёр хувь, багштайгаа холбоо барьж чадаагүй сурагчид 20 хувь, интернэт орчин байхгүй сурагчид 33 хувь, телевиз байхгүй шалтгаантай дөрвөн хувь, гар утасгүй сурагчид 12 хувь, дата авах боломжгүй сурагчид 21 хувь гэсэн судалгаа гарсан.
-Теле, цахим хичээлд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн судалгааг яаж гаргаж байна вэ?
-Бид бүх сургууль, цэцэрлэгээс ирц, теле, цахим хичээлийн хамрагдалтын мэдээ авдаг. Багш цахим хичээл заахдаа судалгаа авдаг. Багшийн судалгааг сургуульдаа нэгтгэнэ, сургуулийн хүснэгтийг дүүрэг нэгтгэнэ, дүүргийн хүснэгт нийслэлийн хэмжээнд нэгтгэгдээд Нийслэлийн боловсролын газарт ирдэг. Энэ нь анхан шатны бүх байгууллагаас нэгтгэгдээд ирж байгаа тоо юм. Бид энэ судалгааг долоо хоног бүр шинэчилж гаргадаг.
Нийслэлийн Боловсролын газрын нэг албан хаагч албан хуваарийн дагуу долоо хоногт таван сургуультай холбогдож байгаа. Таван сургуультай онлайнаар холбогдоод, хоцрогдол арилгах төлөвлөгөө, теле, цахим хөтөлбөрийн хэрэгжилт, сургууль дээр ямар асуудал гарч байгааг судалгаагаар авдаг. Энэ явцдаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг.
Теле, цахим хичээлийг хэрэгжүүлэх явцад хаана, ямар сайн туршлага гарч байна, аль сургууль, ямар туршлага хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна гэдгийг түгээн дэлгэрүүлж байгаа. Нийслэлийн Боловсролын газарт бүх судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд байдаг. Мэргэжилтнүүд зөвлөлдөх баг ахлаад теле, цахим хичээлийг яаж заавал үр дүнтэй байх талаар арга зүйн зөвлөгөө өгөн ажилладаг юм.
Бүх багш хичээлээ компьютероор зааж байгаа энэ үед компьютерын саадгүй ажиллагааг хангахын тулд бид бизнесийн байгууллагуудтай хамтран тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Нийслэлийн ерөнхий боловсролын 14,000 багшид, цэцэрлэгийн болон насан туршийн боловсролын байгууллагын багш нарын тодорхой хувьд “windows defender” гэдэг вирусийн программыг үнэ төлбөргүй өгсөн.
-Цахим хичээл орж эхэлснээс хойш алдаа, оноотой зүйл их гарч байгаа. Үүнд эцэг, эхийн оролцоо бас чухал байна уу?
-Танхимын сургалт явагддаг байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулаад, хүүхдэд боловсрол олгох нь боловсролын байгууллагын ажил болдог байсан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас танхимын сургалт хаагдаж, хүүхдүүд гэр бүлийн орчноос цахимаар холбогдож байгаа үед эцэг, эхчүүд хүүхдэдээ боловсрол олгох тал дээр анхаарал хандуулж, илүү идэвхтэй оролцож, хүүхдүүдийнхээ чадаж байгаа, чадахгүй байгаа зүйлд анхаарч, багш нартай холбогдож, хүүхдээ ямар түвшинд байгааг асуух, юун дээр анхаарах талаар зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай байна.
Хүүхдэдээ хүмүүжил олгох, боловсрол олгох ажлыг дан ганц боловсролын байгууллагын ажил гэж туйлширч ойлгож болохгүй. Энэ бол боловсролын байгууллага, эцэг, эхийн хамтын ажиллагааны үр дүнд болдог зүйл.
Боловсролын байгууллага хүүхдүүдийг дэргэдээ байлгах боломжгүй байгаа энэ нөхцөлд эцэг, эхчүүд маань хүүхдэдээ анхаарал хандуулах, хүүхдийнхээ хичээлд оролцох, хүүхдэдээ дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Тэгэхдээ зөвхөн хичээлээ хий гэж шахахаас илүү цахим хэрэглээг тохируулж, сэтгэл санааны хувьд ч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
-Нийслэлийн Боловсролын газраас багш, эцэг эхчүүдэд юуг анхааруулах вэ?
-Цахим, зайны сургалтын үед багш, боловсролын байгууллагын албан хаагчдын ачаалал нэмэгдсэн. Тиймээс эцэг, эхчүүд, багш нар маань хэн хэндээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, бие биеийнхээ ажлыг ойлгох хэрэгтэй. Бидний зорилго бол хүүхдүүдээ боловсролтой болгохын төлөө ажиллаж байгаа. Эцэг, эхчүүд маань дор бүрнээ хүүхдийнхээ цахим хэрэглээнд анхаарал тавьж, хүүхдэдээ ойр байхыг хүсэж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС