Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байна. Өчигдрийн байдлаар (2021.04.28) 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 660 ор, аймаг орон нутгийн 24 эмнэлгийн эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 ор сул байна.
Коронавирусын халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна. Болзошгүй үед ашиглах зорилготой шаардлагатай эмчилгээний байрыг бэлтгэж, дэлгэхээр гурван ээлжээр нийт 80 эмч, 180 эмнэлгийн мэргэжилтэн, 45 сувилагч, тусгай мэргэжлийн болон бусад алба хаагч ажиллах тооцоо гарган ажиллаж байна.
Түүнчлэн АШУИС-ийн Монгол Японы эмнэлгийн оюутны байранд 450 ор дэлгэн, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилан, хөнгөн хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийг шилжүүлэх, эхний ээлжинд резидент эмч нарыг байрлан ажиллуулахаар бэлтгэж байна.
Мөн ШУТИС-ийн оюутны I байр, АШУИС-ийн оюутны II, III байр, Архангай аймгийн оюутны байр нийт 337 өрөөний 1830 орыг төлөвлөж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, ажилчид, хамгаалалтын албан хаагч нийт 844 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалттай нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийн 949, 23 сувиллын 1083, нийт 2229 орыг нэмэлтээр, нийслэлийн зургаан дүүргийн 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 нийт 9260 орыг дайчлан гаргахаар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд эдгээр байрыг нэмэлтээр ашиглах болно гэж УОК-оос мэдэлэв.