Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтод хуульд заасан батлах зөвшөөрөл олгож, Төрийн албаны зөвлөлийн Үндэсний статистикийн хорооны дэргэдэх салбар зөвлөл болон Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайланг хэлэлцэж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон иргэнийг Төрийн албан тухай хууль тогтоомж зөрчсөнийг тогтоон зөрчил арилгах хугацаатай үүрэг өглөө.
Харин тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд албан хаагчийг шилжүүлэн томилоход Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчөөгүй болохыг тогтоов.
Түүнчлэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан төрийн жинхэнэ албан хаагчийн гомдлоор үүссэн маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдуулсан хүний нөөцийн удирдлагын шийдвэр Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчөөгүй үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл