Энэ удаа та бүхэнд “Архи уугаад стресс тайлагддаг уу?” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе.
Стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлийг архи арилгаж чаддаггүй. Сэтгэл зүйн хувьд архи уух нь өөрийгөө тайвшруулах нэг арга гэж үздэг тал байдаг ч ийм арга хэрэглээд өөрийн сэтгэл зүйн гадаад, дотоод асуудал, стресс бухимдлаа тайлна гэсэн ойлголт биш юм. Хэрвээ стресс бухимдлаа тайлахаар архийг хэрэглэж байгаа бол хэдэн цагийн дараа дахин физиологийн стресст (шарталт, архины хордлого гэх мэт) давхар өртдөг.
Архины үйлдвэрлэл, архидалтаас шалтгаалсан эндэгдэл, өвчлөл, зан үйлийн эмгэг жил ирэх тусам нэмэгдэж архины хамааралд өртөх явдал залуужиж байна. Өөрийн сэтгэл зүйн ямар нэгэн шарх, эмзэглэл, урд тохиолдсон амьдралаа бодон архины хэрэглээг нэмэгдүүлж байгаа бол энэ нь та өөрийгөө хавханд хийхтэй адилхан гэж ойлгож болно.
Маргааш л уухгүй байя гэж хүмүүс хэлдэг. Энэ бол архины хэрэглээний хамгийн ноцтой хэллэгийн нэг бөгөөд нэгэнт зуршил болчихсон байгааг илтгэж байгаа юм. Архины хамаарал нэг хүн, нэг гэр бүл, нэг өрх, нэг албан байгууллагын хэрэг биш болж нийтийн асуудал болон хувирсан. Өөрөөр хэлбэл, нийгэм-сэтгэл зүйн асуудал болоод байна. Нийгэм-сэтгэл зүйн хувьд архины хамааралтай болох хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:
Нийгмийн болон хамтын хүрээлэл байхгүй болсон, нийгмийн ганцаардалд орох, гэр бүлийн харилцаа хэвийн бус болох;
Хэн нэгний шууд хамааралд орох;
Эдийн засгийн асуудалтай, хамааралтай болох;
Хийсэн ажил бүтэлгүйтэх буюу оролдлого хийх бүрт санаанд хүрээгүй байх;
Стресс, сэтгэл тавгүйтэл, сэтгэл түгшүүртэй байх;
Хийсвэр зүйлд хэт итгэх, тэр нь биелээгүй тохиолдолд;
Хэт ачаалал багатай ажиллах буюу зүгээр суух;
Хүний хэлсэн үгнээс буюу харилцааны асуудлаас болж;
Бусад
Нэгэн ухаантны хэлснээр хамгийн асуудалтай, эс бөгөөс бүхий л асуудлаа шийдсэн хүний гол тоглоом нь архи гэжээ. Манай улсад “архи ууж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь өөрт байгаа асуудлаа шийдсэн байгаа бол? Асуудлаа шийдэх гэж явах замдаа л архины асуудалтай болчихдог. Дээрх шалтгаануудыг нөхцөлдүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол бие хүний өөртөө итгэлгүй, гутранги байдал юм. Архины асуудал нь бие хүний биеэ авч явах байдал, өөрийгөө хянах чадвар, сэтгэлийн тэнхээтэй ихээхэн холбоотой. Сэтгэлийн тэнхээгүй хүмүүс л архинд ордог. Архины хамааралтай хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь ямагт доошилж байдаг. Шийдвэр гаргах чадвар буурч, өөрийгөө өмгөөлөх, хамгаалах, бусдыг буруутгах байдал байнга гаргадаг. Үүнээс болж харилцааны бэрхшээлтэй болно. Өөрөө өөртөө “үгүй” гэж хэлэх чадвар улам буурсаар байдаг.
“Маргааш л уухгүй байя” гэсэн үгс хорт зуршлын хамгийн энгийн хэлбэр юм. Архи уугаад стресс тайлагдахгүй! Тиймээс та эрүүл ухаанаар өөрийнхөө амьдралыг, өөрийн байр суурийг эргэцүүлээд сэтгэлийн тэнхээтэй байхыг дахин нэг сануулъя. Харин үүний оронд ажил хөдөлмөртөө илүү их цаг гаргаж үр дүнг нь үзээрэй. Энэ бол сэтгэлийн тэнхээг сэргээж байгаа үйл явц юм.
Эх сурвалж: ОБЕГ