Засгийн газар баасан гаригт коронавирусын тархалтыг хязгаарлах хатуу хөл хориог дахин 14 хоногоор сунгаж, тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Гэвч энэ шийдвэрийн дараа Цагдаагийн байгууллага хүмүүсийн бөөгнөрөл үүсгэн цугласан 30 гаруй залууг Хөгжим бүжгийн сургуулийн урдаас саатуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтэст аваачсан мэдээлэл онлайн орчинд яригдаж байна.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага нэг ч хүнийг баривчлаагүй, СБД-ийн нутаг дэвсгэрт хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн учраас цагдаагийн албан хаагчид очиж шаардлага тавьсан. Шаардлагыг эсэргүүцсэн залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгөөд явуулсан. Ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авагдаагүй” гэсэн тайлбарыг өгчээ.
Өнөөдөр олон нийтийн сүлжээнд энэ асуудал яригдаж, залуучууд яагаад цугласан болох талаар хэлэлцэж байна. Хэрэг явдлын үзүүрийг эрэн хайхад ФБ сүлжээний “НАМ БУС ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ” гэсэн хаягтай холбогдож байгаа юм. Өчигдөр залуучуудыг СБД-ийн Цагдаагийн газар саатуулсны дараа энэ групп улстөржсөн постоор минут тутам дүүрч, залуучуудыг гудамжинд гарч тэмцэхийг уриалсан хуурамч хаягын мэдээллээр дүүрч байлаа.
“НАМ БУС ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ” гэх энэ групп нээгдээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм байна. Цагдаагийн байгууллагад саатуулагдаж зөвлөгөө, мэдээлэл авсан залуучууд өчигдөр энэ групп дээр хөл хориог эсэргүүцэн жагсая, цуглая хэмээн ярилцаж байгаад гарч ирсэн нь үнэн юм байна. Ковидын халдвар ихэсч, хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна. Гэсэн ч энэ эрсдлийн хажуугаар залуучуудыг тэмцэлд уриалсан хуурамч хаягууд сошиал орчинд олноороо бий болж, залуучуудыг гэмт хэрэгт уруу татаад эхэлжээ. Монголчууд бохир улс төрийнхөө золиосонд залуучуудаа яллаж байсан гашуун түүхтэй. 2008 оны долдугаар сарын 1 бол учир мэдэхгүй гэм зэмгүй залуучуудаа турхирсны горыг амссан гашуун өдөр билээ.
Залуучуудыг улс төрийн зорилгоор ашиглах бодолтнууд олширч, тэд өөрсдөө ил болохооргүй нуугдсан хуурамч хаягаас залуучуудыг турхираад эхэлжээ. Ээж, аавууд үүнийг анхааралдаа авч үр хүүхдээ хаана юу хийж явна гэдэгт анхаарал хандуулахгүй бол тэд нэг л өдөр гэм буруутан, гэмт хэрэгтэн болоход ойр байна. Хуурамч хаягууд хөвгүүд, охидын чинь өмнөөс ял эдлэхгүй шүү ээж аавууд аа! Хөл хорионы үеийн дэглэм зөрчсөн зөрчих, жагсаал, цуглаан зохион байгуулсан хэргийн буруутан болохоос өмнө үр хүүхдээ, залуучуудаа хамгаалья.
Баримт хүргэх үүднээс “НАМ БУС ЗАЛУУЧУУДЫН НЭГДЭЛ”-д өчигдөр пост бичиж байсан хуурамч хаягуудын фотог дэлгэж байна.
Мөн сэрэмжлүүлэх үүднээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг ишлэн хүргэе.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
12 дугаар зүйл.
12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:
12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
12.2.7.халдварын голомттой улсаас ирсэн, эсхүл халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх;
12.2.9.эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах;
12.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах
1.Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.8 дугаар зүйл.Экстремист үйл ажиллагаа явуулах
1.Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
19.9 дүгээр зүйл.Үндэсний эв нэгдлийг бусниулах
1.Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Н.Чинзориг