Хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд идэвхтэй ажиллаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийслэл, аймгуудаас 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 15.7 мянган тонн малын мах, 166.1 мянган тонн гурил, 1.3 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 11.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.2 мянган тонн хуурай сүү, 1.5 сая ширхэг өндөг, 3.7 мянган тонн ургамлын тос, 48.2 мянган тонн төмс, 17.8 мянган тонн хүнсний ногоо, 7.5 мянган тонн элсэн чихэр, 1.08 мянган тонн давсны нөөцтэй байна.
Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулжээ. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон байна. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй аж.
Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 4-5 дугаар сард 2.9 мянган тонн цагаан будаа, 5.3 мянган тонн элсэн чихэр, 422 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 4 мянган тонн цагаан будаа, 3.2 мянган тонн элсэн чихэр, 1.14 мянган тонн ургамлын тос ачигджээ.
Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байгааг салбарын яамнаас мэдээлэв.