ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мутацид орсон “Ковид-19” халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиодолд манайд судлаж шинжлэх боломжтой эсэх талаар тодруулга өгcөн байна.
Тэрбээр “Манайд мутацилагдсан хэлбэр орж ирсэн эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Илэрч байгаа тархалтын явц, хүндрэл өгч байгаа өвчтөнүүдийн явцыг харж байгаа юм. Мутацилагдсан хэлбэр дээр бид Монгол Улсад ганц, хоёр хувийн лабораторитой хамтран ажиллах боломжтой гэсэн саналыг өгч байна. Гэхдээ яг энэ тал дээр туршлага багатай гэдгээ тухайн хүмүүс мөн бидэнд илэрхийлсэн юм. ХӨСҮТ-өөс энэ чиглэлээр ДЭМБ болон бусад дэмжлэгийг авч, вирусийн геномын дарааллыг тогтоох аппаратыг худалдан авахаар судалж байна.
Түүнчлэн Япон улсад манай гурван мэргэжилтэн геномын дарааллыг тодорхойлох сургалтад сууж байгаа. Эдгээр хүмүүс дөрөвдүгээр сарын сүүлээр Монгол Улсад буцаж ирэх бөгөөд дээрх аппарат тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн үед бид вирусийн мутацийг тодорхойлох боломжтой. Мэдээж цаг хугацааны хувьд хожуу явж байна. Гэхдээ урьдчилсан байдлаар бид Япон, Солонгос руу зарим дээжийг явуулж, мутацилагдсан хэлбэр байна уу, үгүй юү гэдгийг судлуулж байна. Энэ долоо хоногт багтан шинжилгээний хариу гарна байх” гэлээ.
Л.Баяр