Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.04.20-ний 11.00 цагийн байдлаар ЭМЯ-наас танилцууллаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа “COVID-19”-ийн тандалт, хариу арга хэмжээ, вакцинжуулалт үйл явцын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вакцины хоёр дахь тундаа хамрагдсан иргэд эсрэг биетийн шинжилгээг хаана өгөх вэ?
-Эсрэг биетийн шинжилгээ нь өндөр өртөгтэй шинжилгээ байдаг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсан иргэд заавал уг шинжилгээг өгөх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна.
-Вакцин хийлгэсэн хичнээн хүн халдвар авсан бэ?
-Хамгийн сүүлийн байдлаар 617,183 хүн вакцинд хамрагдсанаас 2304 хүн буюу 0.04 хувь нь халдвар авсан байна. Халдвар авсан нийт хүмүүсийн 74 хувь нь вакцин тариулснаас хойш 0-21 хоногийн хугацаанд халдвар авсан байгаа. Вакцины дархлаа тогтоох хувь нь тухайн вакцинаасаа хамаараад өөр өөр байгаа. Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Монгол Улсын дархлаажуулалтын хөтөлбөрт ашиглагдаж буй дөрвөн вакцин нь “SARS-CoV-2” вирусээс 70-95 хувьтай гэх тоо байна. Өөрөөр хэлбэл энэ нь та вакцин хийлгэсэн ч вакцин танийг халдвар авахаас 70-95 хувь хамгаална гэсэн үг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсаны дараа 100 хувь хамгаалагдлаа гэж үзэж болохгүй. Үндсэндээ вакцин хийлгэсэн, хийлгээгүйгээс үл хамаараад амны хаалт зүүх, зай барих, гараа тогтмол угаах зэрэг гурван дэглэмээ өдөр тутам амьдралын хэв маягтаа хэрэгжүүлээрэй гэж зөвлөмөөр байна.
Л.Баяр