Энэ сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн.
Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судлаачид гаргасан байдаг.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа.
Учир нь өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо огтхон ч буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт ч нэмэгдсээр байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байна.
Тухайлбал, иргэдийн зүгээс хүүхдүүдийг олноор нь гадаа их тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй” гэлээ.
Л.Баяр