МОНГОЛЫН МЭДЭЭ / Өлзийсайхан.Д
Алматы хотноо болж буй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний 92 кг-д Залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Мөнхбаатарын Цогтгэрэл үзүүрлэж, мөнгөн медалийн эзэн болов.
Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхйин аварга, залуучуудын Азийн аварга эзэн орны Эльхан Ассадовыг 7:2-оор тус тус ялж шигшээд шалгарсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт оноогоор цэвэр /0:10/ ялагдав.
Түүний өрсөлдөгч нь алдарт Хасан Яздани Чаратитай нэг клуб, нэг багшийн шавь болох Ираны шилдэг бөх юм. Өнгөрсөн сард тэд Токиогийн олимпод эрхийн төлөө дотооддоо хоорондоо халз барилдаад тун ойрхон барилдаад ялагдсан байна.
Чөлөөт бөхийн ОУХМ Доржхандын Хүдэрбулга 125 кг-д Узбекистаны Амиржон Нутфуллаевыг туршлага заан оноогоор /10:0/ цэвэр ялснаар Алматыгийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа.
Үндэсний бөхийн улсын отгон начингуудын нэг, Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн 6 дахь медаль болж байна. Тэрбээр өмнө нь тивдээ 2014 онд алт, 2020 онд мөнгө, 2012, 2013, 2016 онуудад хүрэл медалийг хүртсэн юм.
Ази тивийн чөлөөт бөхийн АШТ-ий 74 кг-д ОУХМ Занданбудын Сумъяабазар Монголын эрэгтэй багийн анхны хүрэл медалийг авлаа. Тэрбээр 2014 оны өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгө, 2019, 2020 оны Монгол Улсын аварга, үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клубын тамирчин юм.
Энэ удаа 1/4 шигшээд дэлхийн аварга Японы Такүто Отогүрогийн төрсөн ах, өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2-оор ялсан ч хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, нутгийн бөх Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдсан.
Харин медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Киргизийн Мансур Сиргак Уулуг 4:1-ээр ялсан юм. З.Сумъяабазар өнгөрсөн жилийн тивийн аваргад хүрэл медалийн төлөөх барилдаанд дэлхийн медальт, Азийн хоёр удаагийн аварга Ираны Хоссейнханид ялагдсан билээ.