Өсвөр үе, залуу нас нь хүний амьдралын шилжилтийн чухал үе бөгөөд тэдний насны онцлогт нь тохирсон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө, тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байдаг.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас авч үзвэл 15-19 насны охидын 15.3 хувь, хөвгүүдийн 34.9 хувь, 20-24 насны охидын 83.5 хувь, хөвгүүдийн 94.9 хувь нь бэлгийн хавьталд орсон байна. 15-19 насны охидын 9.1 хувь, хөвгүүдийн 28.5 хувь, 20-24 насны охидын 28.0 хувь, хөвгүүдийн 62.7 хувь нь сүүлийн 12 сард бэлгийн хавьталд орсон, эрэгтэйчүүдийн 40 орчим хувь нь сүүлийн бэлгийн хавьталдаа бэлгэвч хэрэглээгүй байна. Мөн залуучуудын 60.4 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэггүй байна. Тэдний 36.8 хувь нь эрүүл мэндийн багш, 47.1 хувь нь олон нийтийн телевиз, 43.8 хувь нь найз нөхдөөсөө бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдээллийг авсан байдаг. Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2019 онд үр хөндөлтийн 15,485 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 20-с доош насныхны үр хөндөлт 5.0 хувийг эзэлж байгаа юм.
Эдгээр насны залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар багш, эцэг, эхтэйгээ ярьдаггүй, найз нөхөдтэйгөө зөвлөх замаар буруу мэдээлэлд суурилж шийдвэр гаргах хандлагатай байгааг харуулж байна. Өсвөр үе, залуучуудад чиглэсэн, тэдний хэрэгцээ шаардлагад тохирсон, эрүүл зан үйлийг дэмжих, тулгамдсан эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь улс орны ирээдүйн эрүүл мэнд, нийгмийн дэд бүтцэд авч буй арга хэмжээ юм.
Иймд манай улсын өсвөр үе, залуучуудад, эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжих, урьдчилан сэргийлэх, зөв зохистой үйлдэл хийх чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг жилээс жилд сайжруулах нь бидний үүрэг, хариуцлага билээ. Иргэн эрүүл бол, айл бүр аз жаргалтай байж улмаар улс орон хөгжин дэвшинэ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам