Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.
Энэ удаагийн хурлаар хилийн чанадад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах, тэдгээрийн тусгаарлах байрны зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 66 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж, 54,200,050 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.
Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.
Гадаад харилцааны яам