Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн: “Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлах журам өнөөдрөөс хэрэгжиж байна. Өмнө нь ирсэн одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоног тусгаарлагдаад гэртээ гарна.
Нийслэлээс гарах зорчигч тээврийн хөдөлгөөний талаар мэдээлэхэд, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг PCR шинжилгээ, тухайн орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн товчоодоор гаргана.
Хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн байлгах үүднээс Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг солилцох зөвшөөрлийг УОК-ын шуурхай штабаас шууд олгож байсан. Харин өнөөдрөөс эхлээд Дорноговь аймаг руу буяны ажил, хүнс, шатахуун, эм эмнэлгийн хэрэгслийн тээвэрлэх зөвшөөрлийг тус аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн УОК-ын шуурхай штабаас олгохоор болсон.
Ногоон бүс буюу халдвар илрээгүй аймгуудаас Улаанбаатар хот руу ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Харин халдвар бүртгэгдэж “Улаан” түвшинд шилжсэн аймгуудаас ирж байгаа бол түргэвчилсэн оношлуурын хариуг үндэслэн нэвтрүүлнэ. Нийслэлийн алслагдсан хороодын иргэдийн иргэний үнэмлэх, бичиг баримтыг үндэслэн асуумжаар хот руу нэвтрүүлнэ” гэж мэдээлэл өглөө.
Б.Эрдэнэ