Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хороо 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Түр хорооны хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын удирдлагууд оролцов. Эхлээд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 8447 хүн халдвараар өвчилсөн. Нийт иргэдийн 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй болон шинж тэмдэг багатай хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг хүсэлтийнх нь дагуу гэрээр эмчлэх арга хэлбэрийг шинээр хэрэгжүүлснээр эмнэлгийн орны нөөцийг хадгалах, эмч, ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх боломжийг бүрдүүллээ.
Дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 288.589, орон нутагт 11.777, нийт 300.366 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан.
Сэргийлэлт, хяналт, оношилгоо, эмчилгээнд нийт 4400 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна. Их эмч 949, сувилагч 1069, тархвар судлаач 119, бусад ажилтан 6524 байна. Халдварын үед ашиглах нийт 6524 орыг эрүүл мэндийн байгууллагуудад бэлтгэсэн бөгөөд үүнээс энгийн 6124, эрчимт эмчилгээний 400 ор байна.
Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын тооцооллоор 2021 оны дөрөвдүгээр сарын эхний 15 хоногт хэрэв хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол арван мянгад хүрч бүртгэгдэх, хүндэвтэр, хүнд өвчтөний тоо өсөж эмнэлгийн ачаалал нэмэгдэх байдал ажиглагдаж буй учир 2021 оны дөрөвдүгээр сарын 3-наас 14 хоногийн хугацаагаар хөл хорио тогтоон, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулж чадвал халдварын тохиолдлын өсөлт зогсож, нэг хүнээс халдвар авах хүний тоо нэг байх боломжтой гэж тооцож, зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв. Тэрбээр, дархлаажуулалт болон халдварын тархалтын талаар мэдээлэл өгсөн юм. Тархвар зүйн муруйгаас харахад халдвар улсын хэмжээнд 2021 оны гуравдугаар сарын 3-наас хойш тогтмол өсөх хандлагатай байна. Насны бүлгээр авч үзвэл хөдөлмөрийн идэвхтэй насныхан халдварт илүү өртөж байна.
Цаашид өндөр эрсдэлтэй газруудад тандалтыг эрчимжүүлнэ. Дөрөвдүгээр сард вакцин нэмж ирэхээр дархлаажуулалтыг мөн эрчимтэй хийнэ. Ойрын хавьтлыг илрүүлэх тандалт судалгааны багийн тоог нэмсэн. Гэрээр тусгаарлагдсан хөнгөн тохиолдлыг хүндрэхээс сэргийлж, хяналт тавьж байна хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын мэдээлэлтэй холбогдуулж Түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, Н.Алтанхуяг, Т.Доржханд нарын асуултад Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Б.Бейсен дархлаажуулж чадаагүй байхдаа халдварыг тараачихлаа, Засгийн газар муу ажиллаж байна хэмээн байр сууриа илэрхийлээд одоо хийж байгаа вакцины хэдэн хувийг хандиваар авсан, хэчнээн аймагт PCR шинжилгээ хийх аппараттай болсон, халдвар авсан хүнийг эмчлэхэд гарч буй зардлын хэмжээ хэдэн төгрөгт багтаж буй зэргийг тодруулав.
Мөн орон нутгаас дайчлан Улаанбаатарт ажиллуулж буй эмч, сувилагчдыг байраар хангах асуудал болон тэдгээр эмч, сувилагчдын урамшууллыг хаанаас олгохыг тодрууллаа. Энэ асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хандив, тусламжаар 450 мянган тун вакцин ирсэн.
Худалдаж авах вакцинууд дөрөвдүгээр сараас орж ирнэ. Эмчилгээний зардлыг 28 хоногийн хугацаатай эмчилгээ хийхээр тооцож 4.3 сая төгрөгт баталсан. Энэ нь эмчилгээнд шаардлагатай бүх тооцооллыг хийсний үндсэн дээр гаргаж ирсэн дүн юм.
PCR шинжилгээний аппаратыг Улаанбаатарын зургаан дүүрэг, таван эмнэлэг, 13 аймагт суурилуулсан. Тандалтын багийг нэмэгдүүлэх зорилгоор 16 аймгаас эмч нарыг авчран АШУҮИС-ийн байранд байрлуулж, хоол унааны зардлыг Улсын онцгой комиссоос гаргаж байна гэсэн бол Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан вакцин худалдаж авах явц хөрөнгө мөнгөтэй холбоотой саатаагүй, хангалт нийлүүлэлттэй холбоотой асуудал үүсэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр вакцин орж ирснээр тавдугаар сарын 1-нээс өмнө нийслэлийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимтэй явуулна гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Шадар сайдын мэдээлэлд гарсан Улсын Их Хурлаас авах арга хэмжээний саналд халдварын тархалттай холбоотойгоор нийгмийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй иргэдэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай санал нийлэхгүй гэсэн байр сууриа илэрхийлээд иргэдэд гэхээс илүү хариуцлага алдаж байгаа албан тушаалтнуудад, дээд шатандаа хариуцлага тооцох талаар ямар саналтай байгааг тодруулав. Энэ асуултад Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан бүх шатанд албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг орхигдуулахгүй байгаа хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхдүүд халдварт өртөж буй тоон мэдээллийг тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд 1100 орчим хүүхэд халдвар авсан. Гэр бүлд халдварын тохиолдол өндөр гарч байгаатай холбоотой буюу эцэг, эхээсээ хүүхдүүд халдвар авч байна гэж хариулав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 670 мянган хүн түргэвчилсэн оношлуураар, PCR шинжилгээгээр 2.2 сая гаруй, давхардсан тоогоор 2.9 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад хэчнээн төгрөг зарцуулсныг тодруулж хариулт авсан бол УИХ-ын гишүүн Т.Доржханд халдвар гараагүй байхад хатуу хөл хорио тогтоож байсан хэрнээ ид дэгдэлт болж байхад эдийн засгаа бодно гээд задгүй тавьж болох уу.
Эдийн засгаа бодох ёстой юу, иргэдийнхээ амь насыг бодох ёстой юу, цаашид төр засаг хэрхэн ажиллах тодорхой төлөвлөгөөг иргэдэд маш ойлгомжтой таниулж, нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээг эрэмбэлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийллээ. Үүнд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан эдийн засаг, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудал уялдаа холбоотой явж байгаа талаар хариуллаа.
Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хорооны дараагийн хуралдаан хүртэл УИХ-ын гишүүдээс гаргасан саналын мөрөөр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газар, Улсын онцгой комисст чиглэл болгосноор хуралдаан өндөрлөв.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс