Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн асуудлаар Хаан банкны салбар дээр ажиллалаа. Засгийн газраас бүтэн нэг жилийн хугацаанд тэг зогсолт хийсэн ААН, ялангуяа жижиг дунд бизнесүүдийг дэмжихийн тулд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан юм. Тус ажлын хэрэгжилттэй танилцав. Тэрбээр энэ үеэр “Хатуу хөл хорио тогтоох нөхцөл байдал үүсэж болзошгүй” байгаа талаар хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын эдийн засаг -6 хувиар агшсан эдийн засгийн үзүүлэлт гарсан. Энэ бүх байдал өнгөрсөн 50 орчим хоногийн хугацаанд илааршин, эерэг үр дүн гарч байна. Энэ нь банкны салбарт мөн мэдэгдэж байна. Гэвч Засгийн газар бүгдийг хянаж чадахгүй. Иймд магадгүй халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, эрсдэлт асуудал үүсээд ирэхэд хатуу хөл хорио тавих нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Өнөөдрийн хувьд хоногт илрэх халдварын тохиолдол нэлээдгүй өндөр гарч байна. Засгийн газар эцсийн мөч хүртэл эдийн засаг иргэдийн амьжиргааг дэмжих талд зогсоно. Үүнд иргэд, аж ахуй нэгжийн хамтын ажиллагаа их хэрэгтэй.
Л.Баяр