Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв нь арьс цайх өвчнийг эмчлэх шинэ технологи болох Эксимер гэрэл эмчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар тус төвийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн тэргүүлэх зэргийн их эмч И.Мөнхзаяатай ярилцлаа.
– Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв нь эрүүл арьсыг гэмтээхгүйгээр зөвхөн өвчлөлтэй хэсгийг нь эмчилдэг шинэ технологийг нэвтрүүлсэн байна. Энэ технологи нэвтэрснээр эмчилгээний ямар давуу талууд бий болж байгаа вэ?
– Манай Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төв нь (АӨСҮТ) улсын хэмжээнд арьс, гоо засал, харшил, эмчилгээг үзүүлдэг үндэсний хэмжээний ганц төв. Тиймээс бид олон улсын стандартыг хангасан, эмчилгээний горимыг бүрэн хангасан шинэ технологиудыг нэвтрүүлсээр ирсэн. Үүний нэг нь өнгөрсөн жил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Герман улсад үйлдвэрлэгдсэн хэсэг газрын байн эмчилгээнд зориулагдсан гэрэл эмчилгээний Эксимер (Excimer) лазерын аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.
Тус эмчилгээний аппарат нь арьсны өнгөн хөрсний суурийн давхарга орчимд үйлчилж, хэвийн буюу эрүүл арьсыг гэмтээхгүйгээр зөвхөн эмгэг өөрчлөлттэй хэсэг газрыг эмчилдэг давуу талтай.
Ингэснээр эмчилгээний үр дүн богино хугацаанд гарах болсон. Өмнө нь олон улсад UVA, UVB гэсэн хоёр төрлийн гэрлийн эмчилгээг хийдэг байсан UVA гэрлийн эмчилгээ нь 320-400 нм долгион ялгаруулдаг psoralen гээд гэрлийн долгион шингээх чадалтай эм дээр суурилдаг энэ нь гаж нөлөө ихтэй тул татгалзах болсон. Харин UVB (NB-UVB) гэрлийн эмчилгээ нь 311-313 нм долгион ялгаруулдаг тул зөвшөөрөгдсөн арьсны өвчлөлд илүү хэрэглэж байна. Одоо бидний хэрэглэж буй хэсэг газрын эмчилгээний Эксимер лазерын аппарат нь үүнээс ч бага буюу 308 нм долгионыг цацруулдаг.
Өөрөөр хэлбэл, хүний биед хамгийн аюулгүй, гаж нөлөө байхгүй аппарат гэсэн үг юм. Тус аппаратын тусламжтайгаар арьс цайх, хайрс үлд, атопит дерматит, үүрэлсэн үс уналт, хавтгай улаан үлд, мөөгөн хэлбэрийн микоз гэх мэт өвчнийг эмчлэх бүрэн боломжтой болсон.
Гэхдээ эдгээр өвчнүүд нь биеийн 10 хүртэлх хувийг хамарсан тохиолдолд л энэ хэсэг газрын аппаратыг хэрэглэж болно. Харин биеийн 10-аас дээш хувийг хамарсан бол бүтэн биеийн гэрлийн эмчилгээг хийдэг.
-Арьсны өвчлөлийн тархалт 10-аас дээш хувийг хамарсан бол бүтэн гэрэл эмчилгээг хийдэг гэлээ. Уг эмчилгээгээр бид ямар, ямар арьсны өвчлөлийг эмчлүүлэх боломжтой вэ?
– Манай эмнэлэг хэсэг газрын эмчилгээнээс гадна бүтэн биеийн гэрлийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлээд удаж байна. Бүтэн биеийн гэрлийн эмчилгээ нь хөлнөөс толгой хүртэл гэрлээр шарж өгдөг. Уг эмчилгээний тухайд арьс цайх өвчин, хайрст үлд, атопит дерматит болон арьсны загатнаат өвчнийг эмчилдэг.
Харин тус эмчилгээнд нарны хэт ягаан туяанд мэдрэг хүмүүс буюу нарны харшил, гэрлийн шалтгаант өвчинтэй, гэр бүлийн болон хувь хүнд арьс, мэнгэний хорт хавдрын өгүүлэмжтэй хүмүүс орж болохгүй. Үүнээс гадна жирэмсэн, даралт ихсэлт, нүдний болор цайх өвчинтэй хүмүүс болон биеэ даах чадваргүй таван наснаас доош насны хүүхдүүд орж болохгүй. Харин хэсэг газрын эмчилгээнд ямар нэгэн хориглох заалт байдаггүй гэдгээрээ маш давуу талтай.
-Иргэдийн дунд арьс цайх өвчин нэлээн зонхилон тохиолддог. Танай төв дээр дурдсан технологиор арьс цайх өвчнийг эмчилдэг болсон гэсэн?
– Манай улсад арьсны өвчлөл, тэр дундаа арьс цайх /витилиго/ өвчин хурдацтай тархаж байна. Арьсанд мелланин будагч бодис үүсгэгч эсийг ямар нэгэн эсрэг бие устгаснаар үүсдэг дархлааны эмгэг юм. Дэлхий нийтэд хүн амын 1-2 хувь нь өвчилдөг. Өвчилсөн гурван хүн тутмын нэг нь удамшлын гаралтай байдаг. Арьсан дээр цагаан өнгийн толбон тууралт өгдөг. Тухайн хүндээ ямар ч зовиур байхгүй, эрхтэн тогтолцооны гаж нөлөө өгдөггүй мөртлөө тухайн хүний амьдралын чанар болон сэтгэл зүйд маш хүчтэй нөлөө үзүүлдэг, архаг даамжрах явцтай өвчин юм.
Өвчний үе шат, шалтгаанаас болж эмчилгээ өөр өөр байдаг.
Уг өвчнийг Аутоплазма буюу тухайн өвчтөний цусыг авч өөрт нь буцаан тарих эмчилгээг гурван сарын турш хийлгэхээс гадна гэрлийн курс эмчилгээ хийлгэх, Эксимер лазерын аппаратыг ашиглаж тус өвчнийг эмчлэх бүрэн боломжтой болсон.
Манай төвд дээр дурдсан гэрлийн эмчилгээний тусламжтайгаар тухайн хэсэг газарт арьсны өнгө өгч байгаа эсийг шинээр бий болгох, сэдээх, тухайн мелланин будагч бодисын үүсэл нь бага бол нэмэгдүүлэх, меланоцитыг устгаад байгаа дархлалын урвалыг зогсоох үйлчилгээтэй эмчилгээг тус тус хийж байна.
– Арьс цайх өвчний эмчилгээ хэр удаан үргэлжилж, үр дүн нь гардаг вэ?
– Энэ эмчилгээ нь маш их хугацаа, тэвчээр, тууштай байдлыг шаарддаг. Арьс цайралтын талбайн хэмжээ,хувь хүний онцлог,хавсарсан эмчилгээнээс хамаараад хэдэн сар,жилээр үргэлжилж болно. Эмчилгээ хийгдэх хугацаа нь цайралтын хэмжээнээс шалтгаалдаг бөгөөд хэсэгхэн газар бол 2-5 минут, цайралт нь их талбайг хамарсан бол 5-10 минут эмчилгээ хийгддэг. Арьсны гэрэл мэдрэх хэв шинжээс шалтгаалж аппаратыг үйлдвэрлэгч компанийн протоколын дагуу эмчилгээ хийгддэг. 10-15 удаагийн эмчилгээний дараа захаасаа нөсөө, толбо үүсч эхэлдэг. Хэрэв энэ хугацаанд үр дүн ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоож, өөр эмчилгээний аргыг хайх хэрэгтэй.
-Манай улсад гэрлийн эмчилгээ нэвтэрснээр олон төрлийн арьсны өвчлөлийг эмчилдэг болж. Тэр дундаа хайрст үлд хэмээх хугацаа их шаарддаг өвчин хүртэл эмчлэгддэг болсон байна?
– Анагаах ухаанд шинэ технологи, ололт, амжилт, эмчилгээ үйлчилгээ тасралтгүй шинээр нэвтэрч, үнийгээ дагаад олон төрлийн арьсны өвчлөлийг эмчлэх боломжууд нээгдэж байна. Сүүлийн үед хайрст үлд болон атопит дерматит өвчин нилээд түгээмэл болсон. Тус өвчин нь тархалт ихтэй, урт хугацааны эмчилгээ шаарддаг. Тус өвчнийг эмчлэх олон арга байдаг. Гэхдээ хамгийн сүүлд нэвтэрсэн гэрэл эмчилгээний тусламжтайгаар аль ч өвчний үед тухайн үрэвслийн процессыг зогсоохоос гадна арьсны өвчин сэдрэх хугацааг хойшлуулах, давтамжийг багасгах боломжтой болсон. Зарим иргэдийн хувьд өнөөдөр эмчилгээгээ хийлгэчихээд зовиур нь арилчихаар хаячихдаг тохиолдол бий. Тиймээс тогтмол арьсны эмчээс зөвлөгөө авч, эмчилгээг эмчийн зааврын дагуу, курсээр нь хийлгэж байх хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ.
– АӨСҮТ нь гэрлийн эмчилгээгээр өнгөрсөн онд нийт хэдэн хүнд үйлчилгээ үзүүлсэн байна вэ?
– Коронавирусний халдвартай холбоотойгоор эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо харьцангуй багассан ч бидний хийж байгаа эмчилгээ нь тасалдах ёсгүй тул өнгөрсөн жил хэсэг газрын гэрэл эмчилгээгээр 68 хүнд 223 удаагийн эмчилгээг хийсэн байна. Бүтэн биеийн аппаратаар жилд 400-600 хүнд 1000 гаруй удаагийн эмчилгээг хийсэн.
Ковид-19 халдварын үед хөл хөдөлгөөн багассан ч Эксимер лазер аппаратын хувьд өдөрт 20 орчим хүнд, бүтэн гэрлийн аппаратаар 20-30 хүнд тогтмол эмчилгээ хийж байна.
-Дээрх бүтэн биеийн болон хэсэгчилсэн гэрэл эмчилгээнд орсон хүмүүст анхаарах зүйлс юу байдаг вэ?
– Гэрэл эмчилгээнд орсон хүмүүс нарны туяанаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Нүүрэн дээрээ эмчилгээг хийлгэсэн бол нарны хамгаалалттай тос түрхэх, малгай өмсөх, нүдний шил зүүх хэрэгтэй. Олон удаагийн давтамжтай гэрэл эмчилгээ хийлгэхээр арьс хуурайших явдал их байдаг. Тиймээс тухайн хэсэг газартаа чийгшүүлэх тос түрхэнэ. Эмчилгээний өмнө хайрст үлдтэй өвчтөний хайрсыг цэвэрлэх, гоо сайхны бүтээгдэхүүнийг цэвэрлэх, нүд хамгаалах зориулалтын шилийг заавал зүүлгэдэг.
– АӨСҮТ нь дээрх гэрлийн эмчилгээнээс гадна ямар төрлийн эмчилгээг хийж байна вэ?
– Бидний хувьд усан, цахилгаан, гэрэл гэсэн үндсэн гурван эмчилгээг хийж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа арьсны өвчтэй хүмүүстээ гурван төрлийн усан эмчилгээг хийдэг. Арьсны өвчлөлөөс хамаарч содатай, марганцтай, хивэгтэй усан эмчилгээг хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь хийлгэдэг. Марганцтай ванн нь шүүсийг хатаах, үрэвсэл намдаах, содатай хивэгтэй ванн нь загатнаа намдаах,үрэвслийг намдаах үйлчилгээтэй байдаг. Амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүс ихэвчлэн гэрэл эмчилгээнд хамрагддаг.
– Эмзэг арьстай хүмүүс ер нь гэрлийн эмчилгээг хийлгэх боломжтой байдаг уу?
– Нарны харшилтай, арьс нь наранд гарахаар улайгаад байдаг, янз бүрийн тууралт гардаг хүмүүст бол энэ эмчилгээ тохиромжгүй. Нарны харшил болон гэрлийн шалтгаант өвчингүй л бол гэрлийн эмчилгээг хийлгэх боломжтой.
Эрүүл мэндийн яам