Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төсөл, Монголын Банкны Холбоо, Тогтвортой Санхүүгийн Холбоо хамтран барилгын эрчим хүчний хэмнэлт үүсгэж буй амины сууцны ипотекийн зээлийг шинээр турших төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн үр дүнд эрчим хүчний өндөр шаардлага хангасан буюу барилгын дулааны нормын шаардлагыг 20-иос доошгүй хувь (%)-иар давуулан биелүүлсэн, бие даасан бохирын шийдэлтэй 10 гаруй загвар амины сууцыг шалгаруулж, тэдгээрээс худалдан авах сонирхолтой 30 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй, ногоон зээл олгоно.
Гэр хорооллын иргэд зураг төсөл нь бэлэн болсон 60 м2 хүртэл талбайтай, 80.0 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй 10 загвар сууцаас сонгоно. Дараа нь ипотекийн зээлийн шийдвэр гаргуулсны үндсэн дээр төслөөс амины сууцны үнийн дүнгийн 30 хувь (%)-д хөнгөлөлт (дээд тал нь 18 сая төгрөг) олгож, үлдсэн дүнг банкны хөнгөлөлттэй зээлээр авах юм. Туршилтын төслийн хүрээнд дээд тал нь 30 өрхөд татаас олгоно.
Дараах ерөнхий шалгуурыг хангасан иргэд төсөлд хамрагдана:
- Гэр хороололд байнга оршин суудаг, газраа өмчилсөн эсхүл зээлийн хугацаанд эзэмших эрхтэй байх (оршин суух зориулалттай газрын гэрчилгээтэй байх),
- Сууцны үнийн 10 хувь (%)-тай тэнцэх урьдчилгаа төлбөрийг (ойролцоогоор 8 сая төгрөг) гаргах,
- 6 хувь эсвэл 12 хувийн хүүтэй олгох ипотекийн зээлийн шаардлага хангасан байх зэрэг болно.
Ипотекийн зээлийн гэрээг Төрийн Банк, Голомт, Богд Банктай жилийн 6 хувийн, харин Хас, Капитрон, Тээвэр Хөгжлийн Банктай жилийн 12 хувийн хүүтэй, 15 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой. Банк тус бүрээс олгох зээлийн тоо хязгаартай.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд энэ сарын 25-наас есдүгээр сарын 30-ний хооронд материалаа банкуудад өгнө.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ээс Улаанбаатарын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Швейцарын хөгжлийн агентлаг (SDC) хамтран санхүүжүүлж байна.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг