Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Баатархүү: “Өчигдөр Дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл цагдаагийн албаны цахим хуудаст гарсан. Д.Болдод Хан-Уул дүүргийн шүүхээс иргэний журмаар нэхэмжлэлтэй эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгасан байдаг. Энэ нь журмынхаа дагуу бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг ёстой. Иймд эрэн сурвалжлах ажиллагаа явагдсан. Харин дуучин Б.Болд өөрийн биеэр ирж уулзсан тул эрэн сурвалжлах ажиллагаа зогссон.
Ер нь ямар нэг иргэнд холбогдуулан гомдол гаргасан хүний гомдолтой холбогдуулан тухайн иргэн оршин суугаа хаягтаа байхгүй тохиолдолд эрэн сурвалжилдаг. Эрэн сурвалжлагдаж байгаа иргэн болгоны дата мэдээлэл ЦЕГ-ын цахим сүлжээнд байршдаг. Эрэн сурвалжлах ажлыг улсын хэмжээнд өргөн хэмжээтэй зохион байгуулдаг журамтай.
“Эрх саран” сувилалд коронавирусийн халдвар гарсан хэрэгтэй холбогдуулж 13 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлээд байна. Эдгээр нь Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байлгаж ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын Шуурхай штабын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувиллын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн.
Тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт 5 иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.
Мөн Замын цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэг цацагдсан асуудалтай холбогдуулан хэлэхэд зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагч энгэрийн камер ашигладаг. Харин замын цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэг задарсан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв
Б.Эрдэнэ