Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.
Энэ дагуу УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ.
Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхыг саналаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Ё.Отгонбаяр элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг зөв гэж үзэж байна
Тэрбээр “Ё.Отгонбаяр элчин сайдыг эргүүлэн татах асуудлыг зөв гэж үзэж байна. УИХ сахилга, хариуцлагыг төрийн бүх шатанд сайжруулъя. Ажилд хариуцлага алдсан хүнд хариуцлага тооцоё гэдгийг өдөр бүр ярьж байгаа. Өнөөдөр Монгол Улсаас Гадаад улсад сууж байгаа дипломат төлөөлөгчдийн тэргүүн болон бусад хүмүүсийг танил тал, тухайн намын шахаагаар тавьдагийн нэг илрэл энэ мөн.
Ё.Отгонбаяр бол төрд ч ажилласан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн. Энэ хүн Монгол Улсын төрийн өмнөөс Америкийн засаг захиргаатай, Америкийн хуультай харьцах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй нь тодорхой байна. Олон нийтийн сүлжээнд хэн юу ярих нь тэр хүний хувийн асуудал. Үүнийг ашиглан тухайн улсад сууж байгаа, Монгол Улсын төрийн нэг ноймрын хүн тухайн улсад шүүхээр хэлэлцэж байгаа асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх нь ноцтой асуудал. ОУ-ын шүүхээр шийдвэрлэх гэж байгаа мөнгө угаах, оффшор, авлигалтай холбоотой асуудлыг Монгол Улсын байр суурь мэтээр тайлбарлаж байгаа нь хэн нэгний захиалга ч юм уу гэж ойлгогдоно. Төрийн өмнөөс ажиллах ёстой гэдгээ анхаарах ёстой. Энэ хүнд УИХ хариуцлага тооцох ёстой” хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Элчин сайдын хувийн гэм буруутай асуудал дээр эргэлзээтэй зүйл ярьж байна
Тэрбээр “Өнөөдөр цар тахлыг даван туулах үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн үед цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулж, АНУ-аас хүмүүнлэг, улс төр, эдийн засгийн тусламж, дэмжлэг авах ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Үүнийг үр дүнд хүргэх өндөр хэмжээний айлчлал болох гэж байгаа гэдэг мэдээлэл бий.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Элчин сайдын эгүүлэн татан үндэслэлгүй биш эгүүлэн татах шаардлагагүй гэсэн нь зөв болов уу.
Өөрөөр хэлбэл, АНУ-тай харилцах харилцааг тасалдуулах шаардлагагүй. Харин Элчин сайдын хувийн гэм буруутай асуудал дээр эргэлзээтэй зүйл ярьж байна. Түүнийг шалгадаг журмаар нь шалгах нь зүйтэй. Энд улс төрийн үүднээс шууд хандах нь өрөөсгөл юм” хэмээв.
Н.Батаа