АТГ-т оффшор данстай улстөрчдийг шалгуулах хүсэлт гаргасан “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг өчигдөр арвын арван оффшор дансаар 24 сая ам.долларын гүйлгээ хийсэн баримт нь ил гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийгөө өмгөөлөхийн тулд, МоАХ-ны гишүүдээр жагсаал, цуглаан хийлгэх гэж байгаа хэмээн ярив. Б.Мөнхцэлмэг “Ерөнхийлөгч Х.Баттулгын арван оффшор компани баримттайгаар ил болсон. Нэг оффшорыг мартсан гэж уучилж болно. Хоёрыг бол алдаа гаргаж гэж бодож болно. Гурвыг Монголын ёс гурав гэдэг гээд орхиж болж байна. Арвын арван оффшор компанийн баримтыг бол заавал шалгах ёстой. Оффшорын асуудлыг нь хөндөөд эхлэхээр үүнийгээ нуух гэж зохион байгуулалттайгаар дайрах юм. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлуудаа дарах гэж жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна” гэж байна хэмээн мэдэгдсэн билээ.
Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Сингапур дахь түнш хятад иргэн Билли Лим хамтран нээсэн нэг сая ам.долларын дүрмийн сантай оффшор компани ил болж, хөрөнгийг түүний охин Б.Намуун эзэмшдэг баримтууд анх гарч ирсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хөрөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт тусгаагүй явж ирсэн билээ. Ил гарсан баримтууд “Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн оффшорт нуусан хөрөнгийг Монголд оруулж ирнэ. Оруулж ирээгүйд нь хариуцлага тооцно” хэмээн амласаар Ерөнхийлөгч болсон Х.Баттулгыг хүнд байдалд оруулж, оффшорын асуудлаар ярьж чадахаа байсан юм.
Оффшор дансны нэхэл Х.Баттулгын рейтинг, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон учраас Ерөнхийлөгч хүнд байдлаас гарахын тулд хоёр хуваагдсан АН-ын нэг хэсэг Ц.Тувааны талыг дэмжигчид дээр суурилан жагсаал зохион байгуулах гэж байгаа бололтой. Энэ цуглаан нь маргааш буюу гуравдугаар сарын 19-нд болох гэж байгаа талаар олон нийтийн сүлжээний зарим хаягууд мэдээлжээ. Өчигдөр Б.Мөнхцэлмэгийн мэдэгдэл хийсний дараа ФБ сүлжээнд жагсаал, цуглааны зарууд тавигдаж, АН-ын дүүрэг, хэсгийн байрууд дээр жагсаалд оролцогчдыг бүртгэх ажиллагаа ч явагдаж байгаа гэсэн мэдээлэл ч дуулдаж эхлэв.
Энэ жагсаал, цуглааныг “хөлсний мэргэжлийн жагсагчид”-ын дээгүүрт нэрлэгддэг тэмцэгч Г.Баасан нар тэргүүлэх бололтой. Өчигдөр сүртэй мэдэгдэл хийж олны өмнө гарч ирсэн Г.Баасан нь Х.Баттулгын жагсаал, цуглааныхаа тэргүүн магнайд тавьж явуулдаг найдвартай хүмүүсийн нэг юм. Тиймдээ ч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо Г.Баасанг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн даргаар томилж байсан юм. Энэ удаа Г.Баасан Х.Баттулгын оффшорыг хамгаалж, хонгилын өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авч байсан хэргээ баллуурдахаар гудамжинд гарч ирж байгаа бололтой.
Ковидын халдвар монголчууд битгий хэл дэлхий нийтийг сандаргаж байгаа. Цар тахлын халдвар хурдтай өсөн нэмэгдэж байгаа гудамж руу Ерөнхийлөгч үнэхээр мэргэжлийн жагсаал цуглаанчдаа турхирч чадаж байгаа бол энэ нь жирийн ард иргэддээ харгис хандсан, тэдний амь нас, эрүүл мэндийг хүндэтгэж үзээгүй аймшигтай амиа хичээсэн үйлдэл болно. Нийгмийн эрүүл мэнд, нийтийн амь нас надад хамаагүй. Албан тушаал л чухал гэсэн хүйтэн цэвдэг хандлага ард түмнээ бодож чаддаг Ерөнхийлөгчөөс бол гарахгүй. Эсрэгээр иргэн Б.Мөнхцэлмэг хэрвээ “Оффшороо хамгаалуулахаар жагсаал цуглаанчдаа гудамжинд гаргах гэж байна” хэмээн Ерөнхийлөгчийг гүтгэсэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.
Сүүлийн жилүүдэд болж байгаа жагсаал, цуглаанууд мөнгөтэй жагсах шинэ төрлийн ажил эрхлэгчдийг бий болгосон нь үнэн. Тэр тусмаа улстөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор зохион байгуулж байгаа жагсаалд оролцогчдыг унаагаар хүргэж өгч, хоол унд тараан торддог болоод байгаа. Б.Мөнхцэлмэгийн нэрлэж байгаа маргааш болох жагсаалд оролцох хүмүүсийн бүртгэлийг дагаад санхүүжилтийн ч асуудал хөндөгдөөд эхэлжээ. Энгийн нэг иргэн битгий хэл төрийн өндөр албан тушаалтны цалин жагсаал санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй. Монголд болж өрнөсөн иргэдийг хэдэн зуу, мянгаар нь цуглуулсан жагсаалуудын санхүүжилт хаанаас гардаг вэ. Улс төрийн зорилготой жагсаалуудын санхүүжилтийг шалгаж, хариуцлага тооцох газар байна уу, Монголд !!!
Б.ИРЭЭДҮЙ