Израилийн эрдэмтэд аспириныг коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг бэлдмэл болохыг илрүүлжээ.
Аспирин бол зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, өвчин намдаах, халуун бууруулах эм гэдгээрээ алдартай. Энэ эм төрлийн болон дасан зохицсон дархлааны урвалыг зассанаар дархлаанд зарим төрлийн вирусийн халдвартай тэмцэхэд тусалдаг аж.
Leumit Health Services эмнэлгийн эмч нар, Бар-Иланы нэрэмжит их сургууль, Барзилай анагаах ухааны төвийн эрдэмтэд урьдчилан сэргийлэх үүднээс аспириныг бага тунгаар (ойролцоогоор өдөр 75 миллиграмм) хэрэглэснээр коронавирус тусах эрсдэлийг бууруулж, COVID-19-ийн халдварын явцыг хөнгөвчилнө гэжээ.
Судлаачид Израильд 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд буюу цар тахлын эхний давалгааны үеэр PCR шинжилгээ өгсөн 10 477 хүний шинжилгээнд анализ хийсэн гэнэ. Зүрх судасны өвчнөөс сэргийлэх зорилгоор аспирин уудаг эрүүл хүмүүсийг тусгай бүлэг болгон ангилж, судалжээ. Гэтэл аспирин хэрэглэснээр коронавирусийн халдвар авах магадлал 29%-иар буурч байв. Мөн аспирин хэрэглэдэг ч халдвар авсан хүмүүсийн дунд өвчний явц 2-3 өдрөөр богиносож байжээ. Аспирин хэрэглэдэг байсан хүмүүсийн дунд COVID-19-өөр өвчлөөд нас барах эрсдэл ч бага хэмжээгээр буурч байгаа дүн мэдээ гарчээ. Аспирин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нь нөлөөлсөн гэж эрдэмтэд үзэж байна.
Гэхдээ ямар ч тохиолдолд энэ эмийг дур мэдэн ууж болохгүй, эмчтэйгээ зөвлөлдөж байж хэрэглэхийг эрдэмтэд зөвлөжээ.
Эх сурвалж: www.osnmedia.ru
Орчуулсан Э.Март