Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАХН-аас нэр дэвших хамгийн магадлал өндөртэй хүнээр тооцогдож асан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын найдлага өнгөрсөн долоо хоногт тасрав. Баасан гаригт МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл хийхдээ С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Учир нь тэр намынхаа даргатай хэзээ ч зөвшилцдөггүй. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, нутгийн ах Х.Баттулгыг дэмжинэ. 2017 онд ч нэр дэвшихгүй гэж ыайхад Н.Энхбаяр болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Одоо уучлалт гуйя” гэх мэт асуудлыг хөндөж, улс төрийн асуудалд хувийн араншингаар хандсан гэсэн утгатай зүйлийг ярьсан юм.
Хэзээ ч хэлсэндээ хүрдэггүй хүнийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн Н.Энхбаярын шууд мэдэгдэл С.Ганбаатар МАХН-аас жийгдсэн гэдэг ойлголтыг бүрэн өгсөн бол өнөөдөр эхэлсэн УИХ-ын хаврын чуулган дээр МАХН-ыг төлөөлөн УИХ-д сууж байгаа “босоо” Ганбаа цаашид МАХН ч үгүй, Н.Энхбаяр ч үгүй зөвхөн өөрийн бие даасан тоглолтоо эхлүүлж байгаа бололтой.
Тэр хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшорын хэрэгт буруутган УИХ-ын халдашгүй байдлын болон тусгай хяналтын дэд хорооны гишүүнээс түдгэлзүүлэх хүсэлтийг эргүүлэн татах асуудлыг хөндөв. УИХ-ын гишүүн “Сү.Батболдын оффшор” гэсэн дуулианыг Ерөнхийлөгч Х.Баттулга энэ хаврын сонгуульд зориулан бэлтгэсэн асуудал хөндөгдөж байгаа. Тэр бүү хэл таван сар үргэлжилж байгаа хэрэг маргааныг тойроод гадны мөрдөгч агентлагийг хэн сая, сая ам.доллар төлж хөлсөлсөн бэ. Энэ мөнгийг хэн хаанаас гарган санхүүжүүлсэн бэ, төрийн байгууллагуудыг төлөөлөн явуулсан баримт бичгүүд жинхэнэ баримт уу, хуурамч уу. Төрийн байгууллагын тамга дардас, гадны хувийн мөрдөгч агентлагийн гарт яаж орсон бэ гэсэн олон асуудал өрнөж байгаа.
Эдгээр асуулт хариултаа нэхсэн өдрүүд үргэлжилж байгаа энэ үед МАХН болон Н.Энхбаярт жийгдсэн босоо Ганбаа Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлд орж, түүний гар хөл нь болсноо ийн зарлав. Х.Баттулга, С.Ганбаатар нарын хоршил хэр удаан үргэлжлэх нь тодорхой биш. Ганц үнэн гэвэл МАХН хэрвээ С.Ганбаатарт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олговол тэр өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын рейтингийг бууруулахын тулд шулуухан “хятад” гээд хэлчихэж хангалттай чадах хүн.
Иргэд харин олон нийтийн сүлжээнд Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаана хэмээн ард иргэдээ турхирч, муу муухайд уриалан дуудсан, нэг иргэний амь нас хохирход нөлөөсөн С.Ганбаатар өөрөө УИХ-ын гишүүнээс татгалзаж, МАХН энэ хүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой гэсэн хандлагыг бичиж эхлээд байна.
Б.Ирээдүй