Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх даваа гаргаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны автозамын мэргэжилтнүүд, сайдын зөвлөхөөс бүрдсэн ажлын хэсгийн баг өчигдөр газар дээр нь очиж замын бүтээн байгуулалт хийх газрыг чөлөөлсөн байдалтай танилцлаа.
Одоогоор, замын газар 100 хувь чөлөөлөгдсөнөөр 4 урсгалтай автозам барих бүх боломж бүрджээ. Энэ талын бүрэн мэдээлэл болон зам засварын ажлын талаар удахгүй танилцуулна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай замыг АХБ-ны 83 сая ам.долларын санхүүжилтээр засварласан бол уг замыг 4 эгнээ болгох ажлыг Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр хийх юм.
Энэ ажлын тендерийг ЕСБХБ-аас өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр зарлаж, БНХАУ-ын дөрөв, дотоодын нэг компани шалгарчээ. Дарханы замыг 4 эгнээ болгож тавих эхний ээлжийн 5 компаниас гадаадын гүйцэтгэгч нар энэ оны эхээр Монголд ирж, барилгын материалаа бэлдэх, кэмп байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газрыг нээх зэрэг бэлтгэл ажлыг ханган талбай дээр гараад байна.
Б.Эрдэнэ