Зөвлөлт, Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ойг тохиолдуулан манай улсын Засгийн газар, ОХУ-ын Улаанбаатар хот дахь Русский дом, Шинжлэх ухааны академи /ШУА/ хамтран “Сансар судлал ба сансрын технологи” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Русский дом-ын захирал, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович нар оролцож, мэндчилгээ дэвшүүлээ.
Мөн хурлын үеэр Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн хөлгийн дарга Владимир Жанибеков цахимаар холбогдож, мэндчилгээ дэвшүүлсэн нь хуралд оролцогчдын хувьд гэнэтийн бэлэг болж чадсан юм.
Хурлын нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа сансар судлал, сансрын технологийн чиглэлээр судалгаа хийдэг, эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Манай улсын сансар судлал, сансрын технологийн хэрэглээг 40 жилийн өмнөх сансрын хамтарсан нислэг шинэ шатанд гаргасан түүхтэй.
Нислэгийн үеэр эмнэлэг биологи, физик технологи, зайнаас тандан судлал гэсэн үндсэн гурван чиглэлээр нийт 25 нэр бүхий 36 туршилт судалгаа явуулсан. Үүний үр дүнд хөдөө аж ахуй, уул уурхай, харилцаа холбооны салбарт сансрын технологийг өргөн хэрэглэж болсон.
Тухайлбал, цаг агаарын мэдээлэл хүлээж авах, жи пи эс хэрэглэх, сансраас авсан дохиогоор дамжуулан олон сувгийн телевиз үзэх, сансрын зургийг ашиглан уул уурхайн ордыг илрүүлэх, байгаль орчны нөхцөл байдлыг тандах гэх зэргээр бид сансрын технологийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна.
Харин Монгол улсын хувьд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлаа эрчимжүүлэхийн тулд дараагийн хүнээ сансарт нисгэх цаг нь болсон гэж доктор Адъяасүрэн онцоллоо. Манай өмнөд болон хойд хөрш хоёулаа сансрын технологийг өндөр түвшинд хөгжүүлсэн. Иймээс бид хоёр хөршийнхөө аль нэгтэй хамтарсан нислэг зохион байгуулах боломжтой. Гэхдээ сансарт хүнээ нисгэхээс өмнө, тэнд хийх шинжлэх ухааны туршилт судалгааны ажлын хөтөлбөр боловсруулах нь хамгийн гол ажил. Иймээс төрийн бодлого, дэмжлэг шаардлагатай гэж Монгол улсын сансрын нисэгч, ЗХУ, БНМАУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа хэллээ.
Хэрэглээний хиймэл дагуултай болох зайлшгүй шаардлагатай
Бид өнөөдөр гадны хиймэл дагуулуудын мэдээллийг авч харилцаа холбоо болон бусад салбартаа хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, бид сансрын технологийн хувьд гадны орноос хараат байна гэсэн үг. Иймээс цаашид хоёр дахь хүнээ сансарт нисгэхээс гадна, зайнаас тандан судлах хэрэглээний хиймэл дагуултай болох нь чухал гэлээ.
Зайнаас тандан судлал гэдэг нь сансраас авсан зураг дүрс, мэдээлэл дээр үндэслэн газрын гадарга дээр байгаа бүх зүйлсийг судлах боломжтой арга. Хүн төрөлхтөн сансарт нисч, хиймэл дагуул хөөргөж эхэлснээс эхлэн энэ чиглэлийн судалгааг тасралтгүй хийж байна. Манай улсын хувьд 1981 онд Монгол хүн сансарт ниссэнээс хойш, зайнаас тандан судлах салбарыг эрчимтэй хөгжүүлсэн.
Өнөөдөр хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг олон салбарт сансрын мэдээллийг, хөгжингүй орнуудын хиймэл дагуулуудаас үнэгүй авч, хэрэглэж байна. Гэвч илүү тодорхой, нарийвчлалтай мэдээлэл авахын тулд гадны хиймэл дагуулуудад мөнгө төлөх шаардлагатай болдог.
Иймээс Монгол улс 2017 онд анхны “Мазаалай” хиймэл дагуулаа хөөргөсөн. Энэ хиймэл дагуул нь эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын зориулалттай байсан. Одоо мөн ийм зориулалтаар “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч цаашид хэрэглээнд зориулсан хиймэл дагуул хөөргөх нь чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцоллоо.
Шинжлэх ухааны академи