ДЭМБ Европын холбооны хэд хэдэн улс “АстраЗенека” компанийн вакциныг хэрэглэхээ зогсоосон тухай мэдээллийг судалж байгаа гэж тус байгууллагын төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээллээ.
“Үүссэн нөхцөл байдлыг бүрэн судалж дуусмагцаа дүгнэлтээ нэн даруй гаргах буюу одоогийн зөвлөмжөө өөрчилнө” хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч хэлсэн байна.
Түүнчлэн “АстраЗенека” компанийн зүгээс коронавирусний вакцин нь үр дүнтэй, аль ч насны өвчтөнүүдэд сайн таарч байгаа гэж мэдэгджээ. “АстраЗенека-гийн хувьд өвчтөнүүдийн аюулгүй байдал гэдэг нэн тэргүүний асуудал. Вакцины аюулгүй байдлыг эмнэл зүйн 3 дахь шатны туршилтын үеэр өргөн хүрээтэйгээр судалсан” хэмээн тэрбээр онцолжээ.
Австри улсад Англи-Шведийн “АстраЗенека” компанийн вакцин хийлгэсэн нэгэн эмэгтэй нас барж, вакцинд хамрагдсан өөр нэгэн хүнд судасны бөглөрөл үүссэний дараа энэ улсын засаг захиргаа бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох шийдвэр гаргасан байна. Австрийн шийдвэрийн араас Эстон, Литва, Люксембург, Латви зэрэг улс орнууд “АстраЗенека”-гийн вакциныг хоригложээ.
Пүрэв гарагт түүнчлэн Дани, Норвеги, Исландын засаг захиргаа судасны бөглөрөл үүсэх эрсдэлээс болоод “АстраЗенека”-гийн бэлдмэлээр вакцинжуулахаа түр хугацаанд зогсоосон байна. Норвегид ихэвчлэн хавсрах өвчтэй, настай хүмүүст судасны бөглөрөл үүссэн гэжээ.
Тэгвэл Итали улс нэг хэсэг вакциныг хэрэглэхгүй гэдгээ зарласан юм. Сицили аралд нэг цагдаа, нэг цэрэг вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэд хоногийн дараа нас барсныг Италийн эрүүл мэндийн байгууллагаа сзарлажээ.
Европын эм бэлдмэлийн хяналтын газраас “АстраЗенека”-гийн вакцинд судасны бөглөрөл үүсгэж болзошгүй гэсэн гаж нөлөө дурдагдаагүй, тэгэхээр бөглөрөл вакцинаас болж үүссэн гэх нотолгоо байхгүй, харин “АстраЗенека”-г хэрэглэхийн давуу тал нь эрсдэлээсээ их гэсэн байна. Британийн Эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналтын газраас ч Британид 11 сая тун вакцин одоогоор хийсэн ч “АстраЗенека”-гийн вакцин бөглөрөл үүсгэсэн гэх ямар ч мэдээлэл ирээгүй гэжээ.
Европын холбооны зах зээл дээр өдгөө Пфайзер-БайонТек, Модерна, АстраЗенека, Жонсон энд Жонсон гэсэн 4 үйлдвэрлэгчийн вакцин дэмжигдэн, иргэдэд хийж байна.
Эх сурвалж: Ria.ru
Орчуулагч: Марта