2021-03-12 11:561min00

НМХГ: Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан баар, караокег хаажээ

karaoke-3

Үйл ажиллагаа нь нээгдсэн худалдаа үйлчилгээний газрууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийсэн талаар мэдээллээ. 

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор: “Хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаа нь нээгдсэн хоол, нийтийн үйлчилгээний 3,000 орчим ААН-д НМХГ-ын алба хаагчид давхардсан тоогоор 8,300 удаагийн хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлжээ.

Мөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд хоол, нийтийн үйлчилгээний 1175 ААН, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд 668 зөрчил дутагдал илэрснээс 343-ыг нь газар дээр нь арилгуулсан байна.

Тус өдрүүдэд нийтлэг илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт QR код байршуулаагүй, уншуулдаггүй -45 ААН, байгууллага
  • Гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгч болон ажиллагсдынхаа халууныг хэмжиж, тэмдэглээгүй зөрчил- 118 ААН, байгууллага
  • Үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг хоёр метрээс доошгүй, ширээнд суудал алгасаж суухаар тооцон тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй- 66 ААН,
  • Тусгай өрөө /VIP/, караокены өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчлүүлээгүй -27 ААН
  • Микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийг цэвэрлэх, халдваргүйжлүүлээгүй- 16 ААН
  • Хэрэглэсэн аяга, таваг, хэрэгслийг гурван дамжлагат угаалгаар зааврын дагуу угааж, халдваргүйжүүлсний дараа хэрэглээгүй -11 ААН

Мөн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан караоке бааруудын үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар